sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 13 /telegraf/. "Нобелийн эсрэг шагнал" гэгддэг Шнобелийн шагналыг гардуулах ёслол пүрэв гарагт АНУ-ын Массачусетсийн технологийн их сургуульд боллоо.

Энэ оны шагналын эздээр хөхтөн амьтад хошногоороо амьсгалах чадвартай, өт хорхойнууд согтдог, ургамал өөрийн гэсэн "нүдтэй" байдаг гэх зэрэг мэдлэгийг өгсөн судалгааг хийсэн эрдэмтэд тодорчээ. 

Шнобелийн шагнал нь олон улсын нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналын элэглэл юм. Уг шагналыг "эхлээд инээд хүргэдэг боловч дараа нь эргэцүүлэхээс аргагүйд хүргэдэг" 10 судалгаанд 1991 оноос хойш жил бүр олгож байгаа юм. 

Энэ оны шагналтуудын дунд хөхтөн амьтад хошногоороо амьсгалж чаддаг болохыг нотолсон Японы эрдэмтэд байгаа бөгөөд тэд хулгана, харх, гахай гэсэн амьтад дээр цуврал туршилт хийж, амьтад хошногоор дамжин ирж буй хүчилтөрөгчийг шингээдэг болохыг олж мэдээд энэ үйл явцыг "гэдэсний агааржуулалт" гэж нэрлэжээ. Улмаар судалгааны үр дүн нь амьсгалын замын дутагдлыг эмчлэх боломжтой эсэхийг тогтоох зорилготой эмнэл зүйн туршилтын үндэс суурийг тавьсан байна.




Энэ оны Шнобелийн шагналын бас нэгэн ялагч бол Америкийн зан үйлийн сэтгэл судлаач Беррес Фредерик Скиннер бөгөөд түүнд уг шагналыг нэхэн олгожээ. Тэрбээр Дэлхийн II дайны үед шуудангийн тагтаануудын хамарт байлдааны пуужинг суурилуулж, "биологийн системийн чиглүүлэгч" болгон ашиглахыг санал болгож байсан "Тагтаа" төслийг удирдаж байжээ. 




Химийн салбарын Шнобелийн шагналыг согтуу, эрүүл хорхойнуудыг ялгахын тулд хроматографи ашигласан Нидерландын эрдэмтдийн баг хүртжээ. Согтууруулах ундаа нь хүнд нөлөөлдгийн адилаар өт хорхойнд нөлөөлдөг болохыг харуулжээ. Эрдэмтдийн гол зорилго нь хүрээлэн буй орчноос энерги гаргаж авах, механик хүч болгон хувиргах чадвартай бодисуудаас бүрдсэн полимерүүдийн идэвхтэй бодисыг судлах явдал байв.

Оксфордын их сургуулийн доктор Сол Ньюман хүн ам зүйн шагналыг "мөрдлөгийн судалгааны ажил"-аараа хүртжээ. Өндөр настай хүмүүс нь төрөлт ба нас баралтын бүртгэлийг хангалтгүй хийдэг, бичиг хэргийн алдаа, тэтгэврийн залилан цэцэглэн хөгжиж буй газруудад амьдардаг болохыг уг судалгаа харуулсан байна. 


Парисын нэгэн их сургуулийн харъяа эмнэлгийн нүүрний мэс заслын эмч, профессор Роман Хонсари болон түүний багийнхан “буржгар үсний судалгааг дэлхийн хэмжээнд хийснийхээ төлөө” анатомийн шагналыг хүртжээ. Ихэнх хүний толгойн үс нь цагийн зүүний дагуу буржгар байдаг бол дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт оршин суудаг хүмүүсийн үсний буржгар эсрэгээрээ цагийн зүүний эсрэг байдаг гэсэн нээлтийг тэд хийсэн байна. Энэ оны ботаникийн шагналыг АНУ-ын иргэн Жейкоб Уайт, Германы иргэн Фелипе Ямашита нар Өмнөд Америкийн “Boquila trifoliolata” гэдэг ургамал нь хажууд нь байгаа хиймэл ургамлын навчийг дуурайж чаддаг болохыг нотолсныхоо төлөө хүртжээ. Энэ нь ургамал дотор "энгийн нүд" байдаг гэсэн онолыг бий болгосон байна.

Физикийн шагналыг Флоридагийн их сургуулийн судлаач Жеймс Ляод олгосон бөгөөд тэрбээр үхсэн хулд загас хэрхэн сэлж буйг иж бүрэн байдлаар судалжээ. Чухамдаа түүний нээлт "амьд загас үхсэн загаснаас илүү хөдөлдөг" гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн байна.

Анагаах ухааны шагналыг "гаж нөлөөтэй, өвтгөдөг хуурамч эм нь гаж нөлөөгүй, өвтгөдөггүй хуурамч эмээс илүү үр дүнтэй болохыг баталсан Швейцар-Герман-Бельгийн судлаачдын баг хүртжээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг