sonin.mn

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 13 /Kyodo/. Японы сансрын гарааны компани болох “ispace” Сарнаа явагч аппарат болон туршилтын багаж хэрэгслүүдийг тээсэн буугч аппаратыг ирэх 12 дугаар сард хөөргөнө гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ. Өнгөрсөн онд Саран дээр аппаратаа буулгах гэсэн тус компанийн эхний оролдлого амжилтгүй болсон юм.  

“Tenacious” нэртэй явагч аппаратыг Сарны хойд тал бөмбөрцөгт хүргэхийн тулд “Resilience” буугч төхөөрөмжийг АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошуунаас “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөх ажээ. Хэрэв амжилттай болбол “ispace” нь Саран дээр сансрын хөлгөө буулгасан Японы анхны хувийн компани болно.






Дэлхий, Сар хоёрын хооронд тээврийн үйлчилгээ бий болгох зорилготой тус гарааны компанийн мэргэжилтнүүд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Саран дээр аппаратаа буулгах эхний оролдлогоо хийсэн боловч буугч төхөөрөмжөө газардуулж чадаагүй юм.




АНУ-ын “Intuitive Machines” компани энэ оны хоёрдугаар сард Саран дээр сансрын аппаратаа амжилттай буулгасан анхны хувийн компани болсон билээ.




Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг