sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 13 /NHK/. Африкийн хоёр улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хориг тавих эрхгүй байнгын гишүүнээр элсүүлэхийг АНУ дэмжиж байна гэж НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд мэдэгдлээ. Тэрбээр пүрэв гарагт Нью-Йорк хотноо Гадаад харилцааны зөвлөлийн хуралдаанд оролцон үг хэлэхдээ ийм санал дэвшүүлсэн байна. 

Аюулгүйн Зөвлөлд шинэчлэлт хийхийг уриалсаар буй энэ үед тэрбээр дээрх мэдэгдлийг хийлээ. Украины нөхцөл байдал болон бусад асуудлаар байнгын гишүүд хориг тавих эрхээ эдэлж байгаа учраас Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаа доголдсон гэх шүүмжлэл олонтоо гарах болсон юм.




Африкийн орнуудад хоёр суудал олгох тухайд Л.Томас-Гринфилд хэлэхдээ, манай Африкийн түншүүд үүнийг дэмжиж байгаа бөгөөд бид үүнийг шударга санал хэмээн үзэж байна гэлээ. Ингэхдээ тэрбээр нэр дэвших боломжтой орнуудын тухайд дурдсангүй.




Гэхдээ хориг тавих эрхийг өргөжүүлэхийг АНУ дэмжихгүй гэж Байнгын төлөөлөгч хэлээд, энэ нь “тус зөвлөлийн үйл ажиллагааг улам доголдуулна” хэмээн нэмж хэлжээ. Мөн тэрбээр Япон, Герман зэрэг байнгын гишүүн болохыг эрмэлзэж буй орнуудыг АНУ дэмжинэ гэдгийг дахин нотолсон байна. Түүнээс гадна Л.Томас-Гринфилд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт нэрвэгдэж буй арлын жижиг, хөгжиж буй улсуудад байнгын бус суудал олгохыг дэмжиж байгаагаа дурдсан байна.

Одоогийн байдлаар Африкийн орнуудад байнгын бус 10 суудлын гурав нь оногдож байгаа юм. Гэвч тус зөвлөлийн хэлэлцэж буй асуудлын 60 орчим хувь нь Африктай, ялангуяа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаатай холбоотой байдаг тул байр суурь нь хангалттай тусгагдахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа Африкийн орнуудын төлөөлөгчид илэрхийлсээр иржээ.


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг