ЛОНДОН, 2024 оны наймдугаар сарын 27 /ВВС/. Английн шигшээ багийн дасгалжуулагч асан, Шведийн иргэн Свен Йоран Эрикссон даваа гарагт 76 насандаа нойр булчирхайн хорт хавдраар таалал төгссөн тухай түүний гэр бүлээс гаргасан мэдэгдэлд дурджээ. Энэ оны эхээр Эрикссон хорт хавдрын эцсийн шатанд орсон тухайгаа олон нийтэд мэдээлж байсан юм. Үүнээс хойш түүнийг сэтгэл санаагаар дэмжсэн захидлууд дэлхийн өнцөг булан бүрээс ирсээр байлаа.
“Эрикссон зүй ёсоор алдар хүндийг олж авсан бөгөөд түүний гэгээн дурсгал үүрд мөнхөд орших болно” гэж Английн Хөл бөмбөгийн холбооноос гаргасан мэдэгдэлд дурджээ. Уэльсийн ханхүү, гүнж нарын гаргасан эмгэнэлийн бичигт Эрикссоныг “хөл бөмбөгийн жинхэнэ жентльмен” гэж нэрлэсэн байна.
Английн шигшээгээс гадна тэрбээр “Манчестер Сити”, “Лестер Сити”, “Рома”, “Лацио” зэрэг хөл бөмбөгийн 12 клуб, түүнчлэн Мексик, Кот-д'Ивуар, Филиппиний шигшээ багуудыг дасгалжуулж байв.
2001-2006 оны хугацаанд Эрикссоны удирдлага дор Английн шигшээ багийн хөлбөмбөгчид нийт 67 удаа талбайд гарчээ.
Бүхий амьдралынхаа туршид “Ливерпүүл” багийг хөгжөөн дэмжиж ирсэн Эрикссон энэ оны 3 дугаар сард “Ливерпүүлийн домгууд” багийг дасгалжуулан “Аяксын домгууд” багийг 4:2 харьцаагаар хожиж байв. Тэрбээр 8 дугаар сарын эхээр дэлгэцэнд гарсан“Свен” гэдэг баримтат киноны төгсгөлд сэтгэл уяраам үгээ хэлсэн юм. “Би сайхан амьдралаар амьдарсан. Амьдрал дуусах тэр өдрөөс бид бүгдээрээ айдаг. Гэхдээ амьдрал гэдэг бол бас үхэл юм. Үхлийг байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй”
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0