Өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр “Найзууд” цувралын жүжигчин Мэттью Перри нас барсан юм. Түүний үхлийн анхан шатны дүгнэлтээр тайвшруулах эмийн тунгаа хэтрүүлсэн хэмээн тогтоосон. Харин түүний хэтрүүлэн хэрэглэсэн гэх сэтгэл гутрал айдас түгшүүрийн эмгэгийн үед түгээмэл хэрэглэгддэг эмийн хэрэглээний талаар хэвлэл мэдээллүүд онцолж байна.
Зарим хэвлэл түүнийг хар тамхины донтолттой хэмээн тодорхойлж байсан. Гэвч энэ удаад тэд энэхүү үхэлд хүргэсэн тайвшруулагч болох кетамин болон түүний хэрэглээ зах зээлийн талаар дэлгэрэнгүй авч үзэхийг зорьжээ.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийг хэлж буйгаар сүүлийн жилүүдэд тэр тусмаа цар тахлын дараах олон нийтийн сэтгэл зүй асар хурдацтай муудаж, иргэд сэтгэл гутрал, айдас түгшүүрийн эмгэгтэй болох нь нэмэгдсэн байна. Үүнийг даган хар тамхи мансууруулах бодисын зах зээлд кетамины эрэлт нийлүүлэлт өссөн ажээ. Америкийн нэгдсэн улсын кематины эмч нарын зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажилладаг доктор Дэвид Махжуби “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа “Кетаминыг жороор болон хар захаас амархан олж болно. Мөн алдартнуудын хувьд гэвэл би жор бичиж өгч байсан хэд хэдэн тохиолдол ч бий. Учир нь үүний эсрэг хориг заалт байхгүй” гэжээ.
Алдарт жүжигчний харамсалтай үхлийн хэргийн мөрдөн байцаалтын явцад эрх баригчид Лос Анжелес дэх кетамины асар том нийлүүлэлтийн сүлжээг илрүүлсэн байна.
Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагаа жүжигчний амьдралын сүүлийн саруудын эмчийн үзлэг жороор авсан кетамины хэмжээ болон донтолтод хүрсэн эмч эмнэлгийн ажилтныг үйл ажиллагааг нарийвчлан шалгаж эхэлжээ. Тэрээр залуу наснаасаа хар тамхи мансууруулах төрлийн бодисын хамааралд орж эхэлсэн бөгөөд карьерын оргил үе болох “Найзууд” цувралын үеэр ч бага зэргийн донтолттой байсан тухай өөрийн дурсамжийн номдоо бичиж үлдээжээ. Мөн тэрээр энэхүү донтолтоосоо салахаар тууштай тэмцэж 19 сарын турш огт мансуурах төрлийн бодис хэрэглээгүй болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн.
Харин эмчилгээний үеэр түүнд кетамин болох мансууруулах сэтгэцэд нөлөөлөх хар тамхийг хэрэглэсэн нь түүнийг эргэн донтолтод хурдан оруулсан байх өндөр магадлалтай ажээ. Түүнийг нас барахаас гурван хоногийн өмнө туслах нь түүнд өдөрт дор хаяж зургаан удаа кетамин тарьдаг байсан байна.
Ийнхүү жүжигчний үхэлд нийт таван хүнийг гэм буруутайд тооцож байна. Үүнд түүний туслах Меттью Перрид кетамин тарааж, олоход нь тусалж байсан бол доктор Сальвадор Пласенсиа их хэмжээний кетамин нийлүүлсэн байна. Мөн өөр жүжигчний өөр нэг эмч Доктор Марк Чавес мөн дээрх хуйвалдааны нэг хэсэг болж эмнэлгээс шилжүүлсэн кетаминаа түүнд зарсан байна. Эдгээр хүмүүсээс гадна хар захын наймаачид гэж хэлж болох нэг нийлүүлэгч, нэг дундын зуучлагч нарын таван хүнийг гэм буруутайг илрүүлсэн байна. “BBC” агентлаг энэ хэргийг мөрдөн эрэн сурвалжлах явцдаа эмнэлгийн салбарын олон мэргэжилтэнтэй уулзаж тэдний байр суурийг тусгажээ.
Тэдгээрийн нэг нь болох Йелийн их сургуулийн сэтгэл гутрал судлалын хөтөлбөрийн захирал, доктор Жерард Санакора “Эмч нар ч гэсэн хүмүүс. Тэд хэдий тангараг өргөдөг ч бүгд түүнийгээ дагаж мөрдөнө гэдэг учир дутагдалтай. Алдартнууд ихэвчлэн VIP үйлчилгээ авах хүсэлтэй байдаг.
Харин VIP үйлчлүүлэгчтэй болсон тохиолдолд эмч нар тангарагтаа үнэнч чин шударга байдлаа ямагт хадгална гэдэг хэцүү буюу өөрсдийгөө сорьсон хэрэг болж байна” гэжээ. Калифорниа мужийн өөр нэг эмнэлгийн захирал “Алдартнууд таны үйлчлүүлэгч, өвчтөн байх үед хил хязгаараа хадгална гэдэг маш хэцүү” хэмээн хэлсэн байна. Өөр нэрээ нууцлахыг хүссэн эмнэлгийн мэргэжилтэн “Алдартнууд таныг нэг л өдөр ажилгүй болгож чадна. Та тэдэнд хүссэнийг нь өгөхгүй байсан ч тэд өөр хэн нэгнийг олох л болно” гэсэн нь үнэхээр энэ төрлийн хар тамхины донтолт эрчимжиж зах зээл өргөжиж буйг илтгэж байна. АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа кетамины хэрэглээг зөвшөөрч, аюулгүй ажиллагааны шошготой зөвхөн эмчийн хяналт дор хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Гэвч тэдний алдаа нь зар сурталчилгааны журам нь "үйлдвэрлэх, түгээх, савлах" эмийн компаниудыг хязгаарласан ч цахим худалдааг хязгаарлаагүй байна. Ингэснээр онлайн эмийн сан, эмнэлгийн худалдааны "эрүүл мэнд" гэх цэсэд дэх хяналт маш сул бараг байхгүй гэж хэлж болохоор байна. Хэрэв энэ нийтлэлийг уншиж буй хэн нэгэн интернэтээс кетамин хэмээн хайвал сэтгэл гутрал, айдас түгшүүрийн эмгэгийн үед хэрэглэх хэмээн сэтгэцийн эмчилгээний ач тусын талаар мэдээлэл авна. Гэвч үүний цаана байх хуйвалдаан нь асар далд бөгөөд үүнд өртсөн хэн ч бай алдартан ч бай харамсалтайгаар төгсөх юм.
Насантуяагийн ЖАРГАЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл3
Ардчилал бол хар тамхи.
Ардчилал бол чам шиг доройг нь эртхэн зайлуулдаг нь сайхан.
Тийм шүү бэлээхэн амьд жишээ бол америк юм