Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн “Багийн спортыг дэмжих хөтөлбөр” нь олимпын наадмын хөтөлбөрт ордог багийн спортын төрлөөр хичээллэж буй, олон улсын болон тивийн хэмжээнд өрсөлдөөн үзүүлж буй тухайн улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийг тивийн болон Олимпын наадамд эрхээ авч оролцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр юм.
МҮОХ нь ОУОХ-ны жэндэрийн бодлогын дагуу Волейболын холбооны эрэгтэй, эмэгтэй багуудыг 2022-2024 онд тус хөтөлбөрт хамруулж нийт 100,000ам.долларын төслийн санхүүжилтийг авсан билээ.
Хөтөлбөрийн хүрээнд эрэгтэй баг Бүгд найрамдах Киргиз улсын Чолпо-Ата хотноо болсон “Challenge Cup 2022”-д бүтэн багаараа оролцсож, 2 тамирчин Тайланд, Узбекистан улсын Үндэсний дээд лигт, мөн 2 тамирчин БНСУ-ын оюутны лигт легионер тамирчнаар урилгаар тоглох волейболын спортын хөгжилд бодит хувь нэмрийг оруулсан. Мөн 2023 онд эмэгтэй, эрэгтэй Шигшээ багийн тамирчдыг Вьетнам улсын Ханой хотноо болсон “2023 оны Азийн эмэгтэйчүүдийн клубуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн” болон “Азийн волейболын холбооны эрэгтэйчүүдийн чэллэнжер тэмцээн”-д оролцуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд 4 жил тутам 1 удаа Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг “Ханжоу 2022” Азийн наадамд оролцох Шигшээ баг тамирчдын замын зардал болон байр, хоолны төлбөрийг хөтөлбөрийн хүрээнд бүрэн хариуцсан билээ.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, П.Буяндэлгэр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Чингарьд болон төлөөлөл тамирчдыг хүлээн авч уулзан Эв санааны нэгдлээс төлбөрийн тооцооны үлдэгдэл 23,252 ам.долларыг Монголын волейболын холбоонд хүлээлгэн өгөв. Уулзалтаар ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ноос багийн спортыг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид волейболын спортын хөгжил, тамирчдын ур чадвар улам сайжирч Азийн наадам, Олимпын наадамд эрхээ авч оролцох түвшинд хөгжинө гэж найдаж байна хэмээн амжилт хүслээ.
Сэтгэгдэл0