sonin.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгана. Өнөөдрийн байдлаар 76 байршилд 1224 гараашийг буулгаж газар чөлөөлөөд байна. Уг гарааш буулгасан талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Сагсан бөмбөгийн талбайг есөн дүүргийн 20 байршилд барих бөгөөд ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.


Тухайлбал, БЗД-ийн 35 дугаар хороонд 2190 өрхийн 6473 хүн амьдардаг. Тус хороонд хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбай байдаггүй. Иймээс бүрэн камержуулалтын системтэй, бие бялдар хөгжүүлэх хэрэгсэл бүхий олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг хийлээ. Мөн 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай үргэлжилж байгааг УБЗАА-ны Туул, Сэлбэ, Дунд голын тохижилтын хэлтсийн мэргэжилтэн У.Санчир хэлж байв.