sonin.mn

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах зүйлсийн талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх ИНЗ-ийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, "Үжин төв"-ийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд хүүхэд хамгааллын чиглэлд төрөөс анхаарч ажиллаж байна гэдэг өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?


-Манай улс нийт 3.5 сая хүнтэй. Үүний 38 хувь нь буюу 1.3 сая нь хүүхэд. Монгол Улсын нийт хүүхдийн 25-30 орчим хувь буюу 370 мянга гаруй хүүхдүүд зайлшгүй төрийн туслалцаа, дэмжлэг, хамгаалал шаардлагатай нөхцөлд амьдарч байна. Жишээлбэл, Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлдэг 138.000 хүүхэд байгаагаас 58.380 хүүхэд нь аюултай хөдөлмөр эрхэлж байна.

Төрөөс олгодог хүнсний талонд хамрагддаг 47.530 хүүхэд /сар бүр 8000 төгрөг/ халамжаас олгодог мөнгөн тусламж авдаг 13 мянган орчим хүүхэд байна.


Монгол Улсад хүүхдийн ядуурал нэмэгдэж таван хүүхэд тутмын хоёр нь хоол шим тэжээл, боловсролын доройтол, хүүхдийн ядууралд өртсөөр байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тавдугаар сарын 23-ны өдөр мэдээлсэн.


2024 оны III улирал эхлээд дундаа ороод явж байхад Улсын хэмжээнд гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэж ажилладаг сум, баг, хорооны 800 гаруй Хамтарсан багт кейс шийдвэрлэлтийн зардлыг нийслэл, дүүрэг, аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас журмын дагуу одоо болтол хуваарилагдан очоогүй байна шүү дээ. Монгол улсад Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, охидын хүсээгүй төрөлт, охидын жирэмслэлт, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, бэлгийн, хөдөлмөрийн мөлжлөг, үр хөндөлт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл нэмэгдэж, өдөр болгон хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил гарсаар байвч дорвитой урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хохирогч хүүхдүүдийг хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх ажлыг хийлгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг урт хугацаанд нөхөн сэргээх, эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүй, сэтгэл заслын эмчилгээг нэг дороос үзүүлдэг Төрийн ганц төв одоо болтол байгуулаагүй хохирогч хүүхдэд үзүүлэх хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанар, хүртээмж, салбар хоорондын уялдаа холбоо гэж ярихад хэцүүхэн л байна.


12 насандаа хоёр дахь удаагаа үр хөндүүлэх гээд явж байгаа охины талаарх эмэгтэйчүүдийн эмчийн яриаг энэ хаваржин хэн хүнгүй сонссон боловч Төр ч тэр хэн ч юу хийгээгүй шагшраад л өнгөрсөн.


2022 онд 626 өсвөр насны охид, 2023-9 сарын байдлаар 435 өсвөр насны охидын үр хөндүүлсэн. 2022 онд 10-14 насны 21, 15-19-тэйдээ хүүхэд төрүүлсэн 2370 охин байна. Энэ бол эмнэлгүүдээс өгсөн албан ёсны тоо. Нууцаар бүртгэлгүй үр хөндүүлсэн бага насны хэдэн охин байгааг хэн ч мэдэхгүй байна. Жил бүр өсвөр насны 7000-8000 охид жирэмсэлдэг. Үүний 60 гаруй хувь нь үр хөндүүлж, үлдсэн охид хүсээгүй жирэмслэлтийн золиос болж хүүхдээ төрүүлж бага насандаа ээж болдог. Тэгэхээр жил бүр 10-19 насны 3500-4000 охид үр хөндүүлж байгаа нь дэлхийн анхааралд хандуулах ЭМГЭНЭЛТ ҮЗЭГДЭЛ биш гэж үү.


-Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийлэл тэр дундаа бэлгийн хүчирхийлэл ихээр үйлдэгдэж байна. Энэ талаар? 


-Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөх хүүхдийн тоо нэмэгдэж байна. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оноос 30 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Үүний нэг жишээ нь дээр дурдсан насанд хүрээгүй охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтийн хэд нь бэлгийн хүчирхийллийн золиос гэдгийг хэн ч мэдэхгүй байна.


2018 оноос 2024 оны долоодугаар сарын байдлаар Монголд Улсад хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4220 үйлдэгдснээс Эрүүгийн хуулийн 12.1 заасан гэмт хэрэг 3365 бүртгэгдсэн ба 2024 оны хувьд 29.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Насанд хүрээгүй охидын жирэмслэлт, төрөлт, үр хөндөлттэй холбоотой 2018 оны арванхоёрдугаар сард Улсын ерөнхий прокуророос энэ асуудал гарахад заавал хэрэг үүсгэж шалгаж байх чиглэлийг ЦЕГ, аймаг, дүүргийн Цагдаагийн газарт үүрэг болгосон байдаг боловч энэ асуудалд төдийлөн ахиц дэвшил гарахгүй зарим аймаг, дүүрэгт хэрэг үүсгэж шалгахгүй хөрсөн дээрээ салбар хоорондын уялдаа холбоо байхгүй байна. Тиймээс төр, засгийн зүгээс насанд хүрээгүй охидын жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийлэл, цахим дарамт, шүүхийн шинжилгээ, цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хүүхдийн тусламжийн 108, 102, 103 утасны дуудлага, судалгаа, нотолгоонд суурилан дүн шинжилгээ хийж анхаарч ажилласнаар бэлгийн хүчирхийллийн эсрэг үр дүнтэй ажил хийж чадна.


Мөн сүүлийн жилүүдэд хүйс харгалзахгүй бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Тодруулбал, сүүлийн хоёр жилд бэлгийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүүхдийн тоо нэмэгдсэн.


Жишээлбэл, нийгмийн анхаарлыг татсан асрамж, халамжийн төвд гарсан хөвгүүдийн хэрэг болон ламхай хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийн дуулиант гэмт хэрэг. Илрээгүй маш олон гэмт хэрэг байсаар байна. Манай бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин төв”-д үйлчилгээ авах хүсэлтэй хамгаалах байранд амьдрах хүсэлтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэд хэдэн эрэгтэй хүүхэд хандаж ирсэн. Заримыг нь хамгаалах байрандаа хүлээн авч үйлчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байсан.


-Таны хувьд хэдэн оноос хүүхэд хамгааллын чиглэлд ажиллах болов. Танай хүүхэд хамгааллын “Үжин төв”-өөр үйлчлүүлэх хүсэлтэй гэр бүл, хүүхэд ирдэг гэж байна. Тэдгээр хүүхдэд ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ?


-Миний бие боловсрол, нийгмийн хамгааллын салбарт 24 жил ажиллаж байгаа ба 2009 оноос хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тодруулбал “Хүүхдийн эрх хамгаалал төв” ТББ-д гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн, хүүхдэд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ажил мэргэжлийн чиг баримжаа, амьдрах ухааны төрөл бүрийн сургалт, төсөл бичих, бизнес эрхлэх, мэргэжлийн ур чадвар олгох зэрэг сургалтуудыг зохион байгуулдаг. Монгол Улсад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг урт хугацаанд нийгэм, сэтгэл зүйн нөхөн сэргээх, дагнасан төв байдаггүй. Тиймээс 2018 оноос бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг урт хугацаанд нөхөн сэргээх “Үжин төв” нэртэй хамгаалах байрыг байгуулсан.


Манай төвд 4-17 насны бэлгийн хүчирхийллийн хохирогч эрсдэлийн түвшин хамгийн өндөр хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Энэ хугацаанд хамгийн бага үйлчлүүлэгч нь дөрвөн настай охин ээжтэйгээ ирж үйлчилгээ авч байсан. Энэ мэт зайлшгүй дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд 15 төрлийн цогц үйлчилгээ үзүүлэн ажилладаг.


Энэ төрлийн үйлчилгээг бий болгохын төлөө дуу хоолойгоо өргөж шүгэл үлээн ажилласаар ирлээ. Ажил маань бага зэрэг үр дүнд хүрч 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг урт хугацаанд нөхөн сэргээх бүсчилсэн төвийг байгуулахаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон боловч өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар энэ төвийг байгуулах сэтгэл хандлага байгаагүйд энэ ажлын төлөө зүтгэж яваа мэргэшсэн судлаач хүний хувьд эх хүний хувьд иргэн хүнийхээ хувьд гомдож явдаг даа. Үүнээс Засгийн газар хүүхэд хамгааллын чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байгааг харж болно. Өнгөрсөн долоо хоногт миний бие Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын шинэ сайд Б.Энх-Амгалантай Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийнхээ хамт очиж уулзсан.


-Хүүхэд хамгааллын зардалд жилд төрөөс хэдэн төгрөг төсөвлөдөг вэ?


-2024 онд хүүхэд хамгааллын зардлыг 14.3 тэрбум төгрөгөөр баталсан. Гэтэл 2024 онд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүүхэд хохирсон гэмт хэрэг 30-40 гаруй хувиар өссөн байгаа боловч урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариуй үйлчилгээ үзүүлсэн байдал нь маш хангалтгүй байна. Тиймээс би өнгөрсөн долоо хоногт Б.Энх-Амгалан сайдтай уулзаж 2020 оноос хойш анхан шатны нэгжээр дамжуулж хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хэчнээн төгрөгийг хэдэн кейст яаж зарцуулсан бэ гэдгийг 21 аймаг есөн дүүргээр нь, ангилал тус бүрээр нь задалж гаргаж өгөхийг хүссэн. Миний бодлоор 2024 онд Монгол төр зайлшгүй туслалцаа шаардлагатай гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн дорвитой ажлыг хийгээгүй. Тодруулбал, 2024 оны 1-4 дүгээр сар хүртэл улс орон даяар цас, зудын байдал руу шилжсэн. Тавдугаар сараас сонгуулийн ажил руу орсон. Гэтэл 14.3 тэрбум төгрөгийнх нь 9 тэрбум нь зарцуулагдаад дууссан байгаа нь харамсалтай байна.


-Нийслэл болон аймаг дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж байдаг. Хэр үр дүнтэй ажиллаж байна гэж харж байна?


- Хүүхэд хамгааллын хуулиар нийслэл, аймаг, дүүрэг бүрд Засаг даргын орлогчоор ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажилладаг. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн, оролцсон, хохирсон хүүхдүүдийн эрхийг хамгаалж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд анхаарч хяналт тавин ажиллах ёстой дээрх хороо 2024 онд ажлаа хийгээгүй гэхэд болно. Жишээ нь тус ХЭХЗХ-ны нийт хийсэн хурлын тоо, үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо энэ оны долоодугаар сарын байдлаар гэмт хэргийн хохирогч болсон 1859 /41 хувь өссөн/ хүүхэд, гэмт хэрэг үйлдсэн 822 /26 хувь өссөн/ хүүхэд, гэмт хэрэгт оролцсон 657 /1 хувь өссөн/ хүүхэд гэмт хэрэгт оролцсон. Энэ нь аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ямар байгааг харуулж байна.


Монгол Улсын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажилладаг шүү дээ. Гэтэл бусад ажилдаа анхаарал хандуулаад хамгийн анхаарах ёстой салбараа хөсөр хаясанд судлаач хүнийхээ хувьд маш их харамсаж байна.


Гэмт хэргийг бууруулах ажлыг төр засгаас анхаарах зайлшгүй шаардлага үүсээд байна. Ядаж урьдчилан сэргийлэх үүрэгтэй Цагдаагийн гэм хэргээс урьдчилан сэргийлэх төсвөө нэмэх хэрэгтэй. Бүтэн жилийн хугацаанд 50 сая төгрөг төсөвлөдгөө болих хэрэгтэй.


-Хүүхдүүд хаана илүү их хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөж байна?


-Хүүхдүүд гэр бүлийн орчинд хамгийн их хүчирхийлэлд өртөж байсан. Тиймээс 2018 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоол батлагдсан. Тус тогтоол нь Байгууллагын дэргэд Эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллах тухай юм. Байгууллагын удирдлагууд ажилтан, албан хаагчаа та ээж шүү, аав шүү гэж үргэлж сануулж, гэр бүл, үр хүүхдээ хайрлах талаар сургааль нөлөөллийн ажил тогтмол явуулах, Хүүхэд хамгааллын бодлого заавал хэрэгжүүлэх тухай юм. Мөн Хөдөлмөрийн хуулийн 43.3-т оруулсан боловч хөрсөн дээрээ бууж хэрэгжихгүй байна.


-Хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулах ямар арга зам байна вэ. Ямар ажлыг хийснээр буурах боломжтой вэ?


-Нэг жилийн төлөвлөгөөтэй бол будаа тарь. Арван жилийн төлөвлөгөөтэй бол мод тарь. Зуун жилийн төлөвлөгөөтэй бол хүүхдээ зөв хүмүүжүүл гэх үг бий. 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжих үед Монголын төр гэр бүл, хүүхдийн боловсролыг хаясан. Одоогийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж, тоо нь өсөж байгаа нь үүнтэй холбоотой. Гэмт хэрэг үйлдэж буй залуусын насны ангиллыг харвал 20-40 насныхан байна шүү дээ. Тиймээс Монгол төр гэр бүл, хүүхэд залуучуудаа анхаарч, бодлогоо уг углуургаар нь өөрчилж шинэчлэх хэрэгтэй байна. Ингэхгүй бол 2040-2050 онд гэмт хэргийн тоо улам нэмэгдэнэ.


-Төрөөс цахим гэрчилгээ, сургуулийн орчны дээрлэхэлттэй холбоотой тогтоол, төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон шүү дээ. Эдгээр ажлыг бас үгүйсгэж болохгүй байх? 


-Хилээр гарч яваа хүүхдийн асуудал манай улсын тулгамдсан асуудлын нэг. Учир нь манай улсын хүүхдийн төрсний гэрчилгээ зураггүй байдаг. Тэгвэл хилээр нэг хүүхэд дагуулж гарч яваад өөр хүүхэд дагуулаад ороод ирдэг тохиолдол гарч байгаа эсэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Тиймээс хүүхэд хамгааллын шинэчилсэн хууль дээр цахим хувийн хэргийг бий болгох хууль баталж, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон байдаг. Гэтэл бэлтгэл ажлууд нь ч хийгдээгүй байна.Тодруулбал, Цахим хувийн хэргийн ажлын хэсэг нь ч байгуулагдсан эсэх нь тодорхой бус байна. Мөн ирэх есдүгээр сарын 1-ээс үе тэнгийн хүчирхийлэлд шат дараалсан арга хэмжээ авах хуулийг батлахаар болсон. Гэтэл хичээл эхлэхэд 10 хоног үлдсэн байна. Гэтэл эл хуулийн журам нь ч гараагүй байна шүү дээ.


Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин