Таеквондо нь зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн бэлтгэлийн системтэй спортын нэг төрөл билээ. Сүүлийн үед таеквондогоор хичээллэж буй өсвөрийн тамирчид олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа. Саяхан БНХАУ-д зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн тэмцээнд “Ирээдүйн Монгол” ТББ-ын “Future of Mongolia NGO” таеквондо сургалтын төвийн тамирчид амжилтын богц дүүрэн ирсэн. Тэд 19 алт, 20 мөнгө, 40 хүрэл, нийт 79 медаль хүртсэн. Олон улсын баг тамирчид оролцсон тус тэмцээнээс багийн дүнгээр алтан цом өргөж, эх орныхоо нэрийг өндөрт гаргажээ. “Зууны мэдээ” сонин энэ удаа “Future of Mongolia NGO” таеквондо сургалтын төвийн багш, сурагчдыг онцолж байна.
“Ирээдүйн монгол” ТББ-ын таеквондогийн багш Л.Мөнгөнцэцэг: Шавь нараа битгий сандраарай гэж тайвшруулж дараагийн зорилгыг нь сануулдаг
-Тамирчид бүтэн жилийн турш сурсан мэдсэнээ бүс авах тэмцээнд орж баталгаажуулж, амжилтаа ахиулдаг. Тиймээс бүтэн жилийн турш бэлтгэл сургуулилтаа хангадаг гэсэн үг. Бид энэ тэмцээнд оролцохын тулд сүүлийн хоёр сарын турш тасралтгүй бэлтгэл хийсэн. Манай таеквондогийн клуб долоо хоногт гурван удаа ордог. Нэг удаагийн бэлтгэлийн үргэлжлэх хугацаа ойролцоогоор хоёр цаг болно. Манай клуб 11 тамирчин, байгууллага сургалт удирдсан нэг албан тушаалтан, хоёр дасгалжуулагч нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр БНХАУ-ыг зорьсон. Энэхүү тэмцээн нь 12 төрлөөр зохион байгуулагдсан. Харин манай клубээс нийт 10-15 насны 11 тамирчин долоон төрөлд өрсөлдсөн.
Ингээд 19 алт, 20 мөнгө, 40 хүрэл нийт 79 медаль хүртэж багийн дүнгээр алтан цомын эзэд болсондоо баяртай байна. Дэвжээн дээр гарах үед тамирчин айдас, сандралтайгаа нүүр тулдаг. Заримдаа өмнө нь бэлдсэн тоот дасгалаа мартах тохиолдол гардаг. Тэр үед тамирчдадаа энийг өмнө бэлдэж байсан шүү, битгий сандраарай гэж тайвшруулж дараагийн зорилгыг нь сануулдаг.
Ингэснээр тамирчид маань илүү урам зоригтой тайван болох жишээтэй. БНХАУ-д долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Super league” тэмцээнд манай клуб хоёр дахь удаагаа оролцлоо. Тэгээд энэ жил амжилтаа ахиулсан. Бид энэ жил хоёр тэмцээнд оролцох зорилготой байсан. Нэг нь БНСУ-д болсон “Korea open”, нөгөө нь Хятад улсад болсон тэмцээн. Энэ удаагийн Хятадын тэмцээн дээр бол тамирчдын ар гэрээс зардлаа даасан. Мөн байгууллагаас бага хэмжээний мөнгө гарсан.
Манай клуб гурван ээлжээр хичээллэдэг. Анхан дунд ахисан түвшинд тогтмол хичээллэдэг 50 орчим хүүхэд бий. Би өөрөө 13 настайгаасаа эхлэн энэ клубтээ суралцсан. Хувь нэмрээ оруулахын тулд багшлахаар шийдсэн. Шавь нар бэлдээд хоёр жил болж байна.
Манай байгууллага анх 2009 онд зорилтот бүлгийн хүүхдүүдэд үйлчлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Тэр үеэс өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. “Future of Mongolia NGO” таеквондо сургалтын төвийн тамирчдын сэтгэгдлийг хүргэе.
А.Итгэл: Өөрийгөө илүү нээж ихийг сурч мэдэхийн төлөө хичээнэ
-Би 15 настай. Энэ удаагийн олон улсын тэмцээнд оролцоод нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд оролцохоор явахын өмнө гэртээ сэтгэл зүйгээ бэлдсэн. Тэмцээнээ дотроо төсөөлөөд бясалгал хийгээд боддог байсан болохоор сандрал бага байсан. Бид өмнө нь багаараа улсын аваргад ороод тэргүүн байр эзэлсэн юм. Саяхан болсон тэмцээнд яваад зорилгодоо хүрч чадаагүй ч сэтгэл хангалуун байгаа. Миний хамгийн том зорилго бол өөрийгөө илүү нээж ихийг сурч мэдэх. Тэмцээнээсээ ирээд долоо хоногийн дараа бэлтгэлдээ орсон. Таеквондогоор хичээллээд хүндлэл, цэвэрч нямбай байх, хариуцлагад суралцсан. Манай багш бидэнтэй яг найз шиг дотно, нээлттэй байдаг. Юу ч тохиолдсон багшдаа айлгүй хэлдэг. Манай ээж их дэмждэг. Өөрөө тэмцээнд орох гэж байгаа юм шиг догдолдог. Хичээл орох үед клуб маань ээлжээр хичээллэдэг учраас хичээлээ орхигдуулахгүй.
Н.Өнө-Орших: Бүсээ ахиулж, олимпын наадамд оролцохыг хүсэж байна
-Тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Дэвжээнд гараад эхэндээ сандарч байсан ч аажмаар тайвширсан. Миний хувьд өөртөө итгэлтэй байсан учраас зорилгодоо хүрч чадсан. Бүсээ ахиулж, олимпын наадамд оролцохыг хүсэж байна. Таеквондогоор хичээллээд цаг барьж өөртөө дүгнэлт хийдэг болсон. Клуб маань гэр бүл шиг санагддаг. Гэр бүл маань дэмждэг. Тэд нэг удаа тэмцээний үеэр ирж миний анхаарал сарниад хожигдсон хөгжилтэй түүх бий.
Б.Саруултөгс: Зорилгоо давуулан биелүүлсэн
-Би 11 настай би долоон төрөлд оролцоод гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Хятад руу явна гээд их догдолсон. Дэвжээнд гарах үед сандарсан ч бага багаар дээрдсэн. Зорилгоо тодорхойлсон байсан. Үүнийгээ давуулан биелүүлсэн гэж бодож байна. Өөрийгөө нээх, ялан дийлэх зорилготой байлаа. Энэ спортоор хичээллээд өөрийгөө илүү нээсэн гэж боддог. Хариуцлагатай хүндлэлтэй, баг хамт олонтойгоо дотно болсондоо талархдаг.
Б.Анар: Өөрийгөө сорьж байгаа нэг сорилт гэж дотроо бодсон учраас амжилтад хүрсэн
-Энэ удаагийн тэмцээнээс гурван алт, гурван хүрэл медаль авсан. Тэмцээнд явахын өмнөх өдөр юу сурсан, хийсэн гэдгээ бодсон. Эхний тэмцээндээ нэлээн сандарсан ч дараагаас нь тайвширсан. Өөрийгөө сорьж байгаа нэг сорилт гэж дотроо бодсон учраас амжилтад хүрсэн гэж бодож байна. Бүсээ ахиул, найзуудтайгаа харилцаагаа сайжруулж өөрийгөө нээх зорилготой. Олон найзтай болж, өөрийгөө илэрхийлж сурсан. Клуб маань гэр бүл шиг санагддаг. Бас багш маань найз шиг байдаг болохоор гоё. Гэр бүл маань маш их тусалж дэмждэг. Хааяа бүр зааварчилгаа өгдөг шүү. Найзууд маань ойлгох хамгийн сайхан.
Б.БУЯНБИЛЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0