sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны наймдугаар сарын 16 /ВВС/. “Найзууд” цуврал кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болсон жүжигчин Мэттью Перри амь насаа алдсан хэрэгт буруутай байж болзошгүй таван хүнийг Лос-Анжелесийн цагдаа нар баривчилжээ. Сэжигтнүүдийн дунд жүжигчний хувийн туслах ба хоёр эмч байна. Цагдаагийн газраас мэдээлснийг үзвэл, 5 дугаар сард эхэлсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад, хар тамхи нийлүүлэгчдийн “өргөн хүрээтэй нууц сүлжээг” илрүүлсэн байна.


54 настай Перри өнгөрсөн оны 10 дугаар сард Лос-Анжелес дахь гэртээ нас барсан байдалтай олджээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр жүжигчний цусанд их хэмжээний кетамин илэрсэн байна. Кетамин бол мансууруулах үйлчилгээтэй бодис учраас түүний хэрэглээг төрөөс хатуу хянадаг ажээ.


"Сэжигтнүүд баяжиж хөлжих зорилгоор ноён Перригийн кетаминаас хамааралтай байдлыг ашигласан, өөрсдийнх нь хийж буй үйлдэл Перрид маш аюултай гэдгийг мэдсээр байж тэд урьдаас төлөвлөсөн үйлдлээ хийсэн” гэж прокурор Мартин Эстрада пүрэв гарагт мэдэгдлээ.  


Гурван хүн, тэдний дотор Перригийн туслах нь хар тамхи хадгалсан гэх хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн жүжигчний эмч болон “кетамины хатан хаан” гэх хочтой хар тамхины наймаачин эмэгтэйг пүрэв гарагт баривчилсан байна.


Кетамин бол сэтгэл гутралын хүнд хэлбэрийн үед, айдас түгшүүр төрөх, хүчтэй өвдөх үед хэрэглэдэг өвчин намдаагч бодис юм. Жүжигчний ойр дотны хүмүүсийн ярьснаар, Перри кетамин хэрэглэж, инфузийн курс эмчилгээ хийлгэж байсан бөгөөд нас барахаас нь долоо хоногийн өмнө уг эмчилгээг хийсэн ажээ. Шинжээч эмч нарын дүгнэлтэд дурдсанаар, хүний бие дэх кетаминий хагас задралын үе нь маш богинохон байдаг тул инфузийн эмчилгээ үхэлд хүргэсэн гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд жүжигчний бие дэх кетаминий агууламж нь мэдээ алдуулах үеийнхтэй ойролцоо байжээ.  




Б.Адъяахүү