sonin.mn

ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 15 /Kyodo/. Нанкай хагарлын орчимд хүчтэй газар хөдлөх эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан долоо хоногийн өмнө өгсөн зөвлөмж сэрэмжлүүлгийг Японы Засгийн газар өнөөдөр цуцлах төлөвтэй байна.Тус улсын Цаг уурын агентлагаас түүхэнд анх удаа асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжлүүлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн хугацаанд байгалийн гамшигт үзэгдэлд бэлтгэх ажлыг эрчимжүүлсэн юм. Зуны амралтын үеэр ийм сэрэмжлүүлэг гаргасан нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим бизнест мөн сөргөөр нөлөөлжээ.




Газар хөдлөлттэй холбоотой шинэ мэдээлэл гараагүй тохиолдолд зөвлөмжийг пүрэв гаргийн 17:00 цагт цуцлах төлөвтэй байна. Японы баруун өмнөд нутагт наймдугаар сарын 8-ны өдөр 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хэдхэн цагийн дараа асар хүчтэй газар хөдөлж болзошгүй талаар сэрэмжлүүлсэн юм.




Энэхүү зөвлөмж сэрэмжлүүлэг нь Нанкай хагарлын орчимд долоо хоногийн турш хүчтэй газар хөдлөх эрсдэл ердийнхөөс өндөр байгаа талаар олон нийтэд мэдээлэх зорилготой. Уг зөвлөмжийг цуцалсны дараа ч газар хөдлөх магадлал бий тул сонор сэрэмжээ хадгалж, бэлтгэлтэй байхыг Засгийн газраас ард иргэдэд уриалж байна. Цаг уурын агентлаг лхагва гаргийн байдлаар тус бүсэд хүчтэй газар хөдөлж болзошгүйг илэрхийлэх ямар нэг идэвхжил ажиглагдаагүй гэж мэдэгджээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг