sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Харин энэ удаа Украинд дайн өдөөчихөөд ялахгүй байгаа шалтгаан нь ОХУ-ын БХЯ-н дахь халаа сэлгээ, бас шинэ сайдын чекистийн авир гэдэг утгаар орос ба украины эх сурвалжаас хэдэн санаа буулгая.


Чекист гэж нэн сайхан мэргэжил хуучин Зөвлөлт улсад байлаа. Монголд ч чекистээрээ омогшдог байсан даа. Тэгвэл өнөөгийн Орост чекистүүдийг далдуур үзэн ядаж тэвчээрээ барьж байх шиг харагддаг. Чекист хүн энэ том улсыг удирдаад одоо хөршийнхөө эсрэг өргөн хэмжээний дайн өдөөгөөд мянга мянган хүний амиар тоглож, улс орноо хөмрүүлэхийн босгон дээр байгааг дэлхий нийтээрээ харж гайхаж шимширч байна. Орос гүрэн сулраад задраад сүйд болох вий гэдэгт зүрхээ шимшрүүлж яваа оросын ард түмэнд сэтгэлтэй жирийн монгол хүн бичиж байна шүү.


Одоогийн Оросын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовын чекист төрх илэрч, нисэх хүчиндээ тушаал өгүүлэн Киев дэх хүүхдийн хавдрын эмнэлэг рүү пуужин харвуулсан нь ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Түүний авга ахын охин Наталия Вертинская түүнд хандаж: 

- Таны өвөө, эмээгийн шарил, төрөл садан ахан дүүс чинь Киевт амьдарч байна.

- Таны тушаал өгч буудуулсан Охматдет хүүхдийн эмнэлэгт би хүүхдээ эмчлүүлж байсан шүү. 

- Та энэ их нүглээ дийлэхгүй, өөрийнхөө ураг төрлийг бүү сүйтгээч гэж уриалжээ.



Дмитрий Гордоны “Зочны цаг” ТВ-ийн нэвтрүүлгээр монголчууд нөхөөд үзэж болно. Белоусовын авга ахын охин сонин сонин баримтыг ил болгожээ. Одоо Киевт төрсөн ах нь аж төрдөг. Белоусовын гэр бүлийнхэн угаасаа НКВД-КГБ-гийн системээс ажил амьдралтайгаа золгосон хүмүүс. Тийм учраас Белоусов өөрөө ажил үүргийн хувьд Путины үнэнч албат байхаас аргагүй. Хэрцгийлэхээ ч аргагүй. Белоусовын өвөө нь ЧК-гаас томилогдож Ленин, Крупская, Сталины тогооч байсан, хүүгээ буюу Белоусовын эцгийг Сталины хамгаалалтын албанд оруулсан, Сталины хэрхэн үхсэн, хэн үхэлд нь хамаатайг мэдэхийн цаагуур мэддэг тул КГБ-гийн хяналтад бүгсэн, хүү Белоусовоо КГБ-д ажил оруулсан гэхчлэн ярьжээ.


Заяаны чекист хүн XXI зуунтайгаа үл эвлэрэн одоо БХЯ-ыг толгойлон суугаад гайхах зүйл алга. Оросын хувь тавилан ийм юм. Жирийн нэг эдийн засагчийг хичнээн сайн мэдлэгтэй байсан ч БХЯ руу гэнэт явуулна гэдэг Орост байж боломгүй. Иймд чекистээр нь ажиллуулахаар Путин шийдсэн нь энэ юм.


Белоусов БХЯ-нд очоод ЗХЖШ-ын дарга Валерий Герасимовыг нуга дарж, нэг хэсэг сураггүй алга болгосон. Одоо яасныг бүү мэд. Төрийн Думын дарга Вячеслав Володиныг хэзээ мөдгүй баривчлуулахаар сэм ажиллаж байна. Төрийн Думын индэр дээрээс спикер рүү юу ч бодолгүй дайрч давшлан элдэв үгээр загнаж байхыг зурагтаар харуулснаар бол Путин мөдхөн Володин гэх энэ тоодгороосоо салахаар шийдсэн бололтой. Ерөнхий сайдын орлогч хатагтай Татьяна Голиковаг шившиглээд дуусч байна. Огцрох нь цаг хугацааны асуудал болсон. “Вагнер”-ын толгойлогч Пригожины үхэлд Белоусов томхон үүрэгтэй оролцсон. Белоусов нь Ерөнхий сайдын орлогч байхдаа Путины бага охин Екатерина Тихоноваг халамжилсан. Путины зээг “Роснефть”-эд чухал тушаалд тавьж мөнгө атгуулсан, одоо тэр зээ нь дрон үйлдвэрлэх асуудал хариуцан ажиллаж байна. 



Ингэхэд Белоусов хэн хэнтэй холбоо сүлбээтэй вэ гэвэл түүний сүүдэрт Путины охин байна. Түүний ард Патрушев, Сечин, Бастрыкин, Бортников гэх КГБ-гийнхэн байна. Белоусов БХЯ-ыг толгойлох болсноор ердөө хоёрхон сарын дотор “Шойгу-Герасимовын клан”-ыг хүчгүйтүүлж чадлаа. Шойгугийн олон жилийн найз 1-р орлогч сайдыг нь шоронд хийсэн, одоо ч хоригдож байна. Шойгу, Герасимов нар улсаасаа 11 триллион рубль завшсан гэдгийг үндсэн нь хэлүүлж чадсан гэх мэдээ байна. БХЯ-ы дэд сайд асан армийн генерал Дмитрий Булгаковыг дөнгөж сая саатуулж хорилоо. Түүнийг авилгын хэргээр баривчилж Москва дахь “Бутырка” урьдчилан хорих ангид баяр ёслолын байдалтай авчирч байгааг зурагтаар харуулав. Тэр нөхөр дэд сайдаар ажиллаж байхдаа армийг зэвсэг, техникээр хангах ажлыг удирдаж байсан ба түүнээсээ хулгайлаад завшаад сүйдэлж гэнээ. Араас нь явах бас нэгэн авилагчийн нэр тодорлоо. Хурандаа генерал Михаил Мизинцев. Ийнхүү кланы толгойлогч Шойгуг шахалтанд оруулж чадлаа. Шойгугийн араас ялтан болон хүн нь Володин, хэрэв Володиныг устгаж чадвал Ерөнхий сайд Мишустиныг шантаажилж эхэлнэ. Энэ янзаараа Путинээс хойш түүнийг залгамжлах Белоусов тодорч байж магадгүй байна.


Энэ бол интернэт ертөнцөд явж байгаа ердийн ил мэдээ. Би зохиомжлоогүй. Оросын тархи угаалтад угаартаад мэдээллийн буруу ваакум дотор төөрч яваа монголчууддаа хандаж хэлэхэд “Орос террорист дайндаа ялахгүй байгаа, ялахгүй байх цаад шалтгааны зах зухаас л орчуулж сонирхуулж байна. Оросын түрэмгийллийг зөвтгөдөг троллууд хэрэв орос хэлний зах зухыг гадарладаг бол хаанаас ч олоод үзчихэж болно шүү” гэж зөвлөе. 


Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)