sonin.mn

Монгол судлаач Юрий Кручкиний бичсэн “Орос-Монгол нэвтэрхий толь бичгийн” тавдахь хувилбарыг “Серебряные нити” хэвлэлийн газраас Москва хотноо эрхлэн гаргалаа.  


Уг нэвтэрхий тольд Монголын улс төр, эдийн засаг, соёлын амьдралын талаарх 900 гаруй нийтлэл, Оростой холбоотой Монголын иргэдийн ба Монгол оронтой амьдрал нь холбогдсон орос хүмүүсийн 3000 орчим намтар багтсан байна.


Түүнээс гадна, нэвтэрхий толийн энэ удаагийн хувилбарт Халхын голын тулалдаанд оролцож, ЗХУ-ын Баатар цол хүртсэн бүх хүний талаарх мэдээллийг анх удаа оруулжээ. Тухайлбал, ЗХУ-ын Маршал цолтой 10 хүн анх Монголд ирж цэргийн алба хашиж эхэлсэн бол Оросын 9 сайдын амьдрал Монголтой холбоотой байсан гэх мэт. Зөвлөлт, Оросын нэрт жүжигчин Николай Караченцевын эх, Владимир Высоцкийгийн эхнэр зэрэг хүмүүс Монголд ажиллаж байжээ. “Орос-Монгол нэвтэрхий толийн” анхны захиалагчид нь ОХУ ба АНУ-ын томоохон номын сангууд, ОХУ-ын Гадаад харилцааны яамны дэргэдэх Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Гадаад тагнуулын алба ба Холбооны аюулгүй байдлын албаны дэргэдэх сургуулиуд юм.



Б.Адъяахүү