sonin.mn

Н.Алтанхуяг даргын паян их. Анхны эхнэр нь Л.Ганчимэг гэж эмэгтэй бий. Харин мань эр албан тушаал, түрийвч хоёр нь зузаарч амьдрал тогтох үедээ өөрийн туслах Х.Сэлэнгэтэй дэр нэгтгэн түүнийг орхисон юм. Амьдралд ийм юм байх байх.

Гол учир нь “цүүндээ биш” гэдэгчлэн энэ удаад бид эдний гэр бүлийн хормой хотны явдлыг нэг их ухаад байхыг хүссэнгүй. Харин төр түшихээр түмэн олноос санал гуйж яваагийнх нь хувьд Н.Алтанхуягт хэр итгэж болох вэ хэмээн судалж үзэх нь бол зүйн хэрэг. 


Шударга дүр эсгэж, “хонгил” ярих дуртай энэ хүн харанхуй хонгилд нуусан хөрөнгөнийхөө талаар юу гэх юм бол доо? 


Тэрбээр өөрийн залуу эхнэр Хоньчны Сэлэнгийнхээ нэр дээр баячуудын гэх тодотголтой “Бэлла виста” хотхонд 2008 оны 2 дугаар сард 500,000 ам.доллараар 263,28 мкв байрыг хоёр гаражны хамт авч өгч байсан байх юм. Өнөөгийн ханшаар бол гурван тэрбум төгрөг гэсэн үг. Энэ байр өдгөө ч Х.Сэлэнгийн нэр дээр байдгийг баримт бичгүүд баталсаар байна.  


Гэвч Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын сайтаас татаж үзэхэд өөр дүн харуулах аж. Тэрбээр нийтийн орон сууц-2, амины орон сууц-1, оффис-1 гэж мэдүүлээд нийт үнийн дүнг нь 615 сая төгрөг гэжээ. Нэг байр нь гурван тэрбум тэр байтугай өнөөгийн ханшаар 5 тэрбум ч байж мэдэх атал юунд ингэж илт худлаа мэдүүлж байгаа хэрэг вэ. Баян тарган гэвэл Сонгинохайрханы иргэд дургүйцнэ гэж айгаа юу. Төрийн албаар явсан замналдаа өөртөө хөрөнгө хураасан нь баригдана гэж бантаа юу?


Авлигатай тэмцэх газар яаж хянахаараа ийм нүдэн дээр ил юмыг хардаггүй нь бүр сонин байна. 


Мөн тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 11 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай гэж бичсэн байдаг бол түүний эхнэр Х.Сэлэнгэ нь хуучнаар урт цагааны баруун талд байрлалтай оффис үйлчилгээний төвтэй, 1500100160 нэгж талбарын дугаартай газрыг эзэмшдэг байна. Үүнийг egazar.gov.mn сайтаар ороход бэлэхнээ харагдаж байгаа юм. Уг хотын төвийн А зэрэглэлийн газар, үйлчилгээний төв нь өчнөөн тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ гэдэг нь ойлгомжтой. Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчимд айлын хоосон хашаа ч 11 сая төгрөгөөс үнэтэй гэдгийг иргэдээс асуухад хэлээд өгнө. 

Шударга дүрт Норовын Алтанхуягийн нуугдмал хөрөнгүүдийн зах зух нь л ийм байна даа. Хуультай, номтой оронд бол хуулийн байгууллагууд нь шалгах л ёстой юмсан. Хонгил ярих дуртай сайдын “хонгил”-доо нуусан хөрөнгө энэ мэтээр дуусахгүй нь мэдээж.