“Ханжоу-2022” ХIX Азийн наадамд Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэж, Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. 49 жилийн дараа Азийн наадмаас анх удаа багийн спортоор медаль хүртсэн Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч залуу од Б.Ариунцэцэгийг "Зууны мэдээ" сонин дугаарын зочноор урилаа.
-Танай баг сагсан бөмбөгийн эх орон АНУ-ын багийг түүхэндээ анх удаа хожсон. Энэ тоглолт Азийн наадамд сайн тоглоход түлхэц болсон уу?
-Тухайн тэмцээнд нэг хэсэгт дөрвөн баг багтсан. Хэсэгтээ гурван тоглолт хийх байсны хоёрт нь бид хожигдоод байлаа. Харин АНУ бидний хожигдсон хоёр багийг илт давуу хожсон. Тиймээс тоглолтын өмнө хожно гэсэн итгэл байгаагүй. Гэтэл дасгалжуулагч маань бидэнд “Та нар хожно. Биднээс илүү юу ч байхгүй” гэж хэлсэн. Багшийн хэлсэн үгэнд итгээд хичээсэн. Дараа нь бичлэг үзэхэд тайлбарлагч “Гайхалтай биш гэж үү. Сагсан бөмбөгийн эх орон АНУ-ыг Монголын охид хожиж чадлаа” гэж байсан. Тэр үед өөрсдөөрөө бахархаж, АНУ-ыг хожиж байгаа юм чинь ямар ч багийг хожно гэсэн итгэл улам нэмэгдсэн.
-Тэрхүү тоглолтод та “buzzer shot” буюу хожлын оноог авч, Монголчуудаа огшоосон. Дасгалжуулагч өөрөөр чинь шидүүлэх хувилбар зурсан уу?
-Тийм хувилбар байгаагүй. Эхлээд миний хувилбар бүтэлгүйтсэн. Нэмж самбараас авч, багийн хамтрагчаасаа дамжуулалт аваад бүх чадлаараа шидээд оноо болгосон. Тухайн тоглолтоос өмнө эгзэгтэй мөчид шидэлт хийвэл оруулж чадна гэсэн итгэлгүй байдаг байлаа. Харин одоо өөртөө илүү итгэдэг болсон.
-Мөнгөн медалийн төлөөх тоглолт их ойролцоо гайхалтай тоглолт болсон?
-Бид хагас шигшээд Өмнөд Солонгосын багийг илт давуу хожиж байгаад тоглолтын төгсгөл рүү баригдсан. 20-18 байхад Г.Болорцэцэг эсрэг багийн тоглогчийг хоёр онооны шидэлт гүйцэтгэж байхад алдаа хийсэн. Ингээд тухайн тоглогч хоёр чөлөөт шидэлтээ амжилттай болгож оноо тэнцлээ. Би довтолгоо гүйцэтгэсэн боловч алдсан. Энэ үед Г.Болорцэцэг маань самбараас авч нэмж довтлоод алдаа авсан. Энэ үед долоон секунд үлдсэн байв. Г.Болорцэцэгийг чөлөөт шидэлтээ алдахгүй гэдгийг мэдэж байсан учир медалийн баяраа тэр мөчөөс тэмдэглэж эхэлсэн дээ. Г.Болорцэцэгийн шидэлт амжилттай болох мөчид аварга болсон юм шиг л их догдолсон шүү.
-Та тоглолтын төгсгөл рүү оноо ойрхон үед улам тайван, чамбай тоглолт үзүүлдэг юм билээ. Эгзэгтэй мөчид сэтгэл зүйгээ хэрхэн барьдаг вэ?
-Тамирчин хүн юу ч тохиолдсон сэтгэл зүйгээ хэвийн байлгах ёстой. Учир нь өөрийгөө хянаж чадахгүй бол багийнхны сэтгэл зүйг хямраах магадлалтай. Тиймээс аль болох өөрийгөө хянаж, бодлоо хэт тулгахгүй, багийнхантайгаа харилцан ойлголцдог. Алдсан шидэлтийн дараа хамтрагчийн “зүгээр дээ” гэх үг дараагийн шидэлтийг авах итгэл болдог.
-Дээд лигт анх өрсөлдсөн мөртлөө “Үнэ цэнтэй тоглогч” боллоо. Анхны эмэгтэй нэгдсэн лигийн “анхны” гэх тодотголтой шагналуудыг авч түүхэнд үлдлээ шүү дээ?
-Анхны лигийн тэмцээнд орохдоо нэг л итгэж өгөхгүй, догдлол дүүрэн байсныг яг өчигдөрхөн мэт санадаг. Эгч болон найзуудынхаа хамтаар “Улаанбаатар Амазонс” багтайгаа аварга боллоо. Урт улирал. Олон хэцүү зүйлийг хамтдаа туулж энэ амжилтад хүрсэн. Их ч зүйл сурсан жил болж өнгөрөх нь.
-Сагсан бөмбөгөөр хэдэн жил хичээллэж, хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэв?
-Миний хувьд яг 10 жилийн хөдөлмөр. 10 жил “Чи сагсан бөмбөгөөр хоолоо олж идэхгүй ээ” гэсэн үг сонссоны эцэст өнөөдөр чамлахааргүй амжилт гаргасан байна. Анх 2022 онд Оюутны лигийн аварга болсон. Тэрхүү тэмцээн надад цаашдаа сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин болох итгэлийг төрүүлсэн. Ингээд илүү шаргуу хөдөлмөрлөж, улсынхаа шигшээ багт багтсан. Шигшээ багт тоглоно гэдэг энэ спортоор хичээллэж буй хүн бүрийн мөрөөдөл байх. Анх шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахад мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баярлаж байлаа.
-Энэ спортын хамгийн сайхан нь ямар үе вэ. Сагсан бөмбөгийн спорт танд юу сургаж байна?
-Ялахын сайхан, ядагдахын гашуун болоод хувь хүний төлөвшлийн хувьд надад их зүйл сургасан. Хариуцлага, тэвчээр, хүлээцтэй байдал. Хамгийн чухал нь харилцааны ур чадвар. Би их дотогшоо хүн. Багаар ажиллаж сурснаар илүү нээлттэй, өөрийгөө илэрхийлж чаддаг болсон.
-Та 10 жил тасралтгүй бөмбөгтэй нөхөрлөж явна. Юунд нь ингэтлээ дурлав. Магадгүй амжилтад уу?
-Амжилт бол хөдөлмөрөөс үүсдэг эцсийн үр дүн. Харин намайг дурлуулсан зүйл бол бөмбөг торонд цэвэр орох мөчид гардаг тэр чимээ. Энэ дууг олон сонсохын тулд хичээж сайн тоглодог. Тэр чимээ надад итгэл төрүүлдэг юм.
-Тамирчны амжилтын үндэс нь бэлтгэл. Монголын нөхцөлд ажил хийхгүйгээр зөвхөн бэлтгэлдээ анхаарах боломж хэр байна?
-Мэргэжлийн тамирчин байх нь сонирхогчоос өөр. Байнга системтэйгээр бэлтгэл хийдэг. Бэлтгэл өнжих, хоцрох, таслах ойлголт бидэнд байхгүй. Багш, дасгалжуулагч нар ч үүнийг хатуу анхааруулдаг. Өглөө шидэлтийн бэлтгэл, өдөр хүчний бэлтгэл, орой багаараа бэлтгэл хийдэг. Манай улсын сагсан бөмбөгийн тамирчдын хувьд өмнө нь зөвхөн спортоор амьдралаа авч явах хэцүү, бараг л боломжгүй байсан. Харин одоо тэр үеийг бодвол хүмүүс болон албан байгууллагууд тамирчдаа, спортыг үнэлж, ивээн тэтгэдэг болсон. Дээд түвшний тамирчин бол зөвхөн сагсан бөмбөг тоглоод өөр ажил эрхлэхгүй амьдрах боломжтой гэж бодож байна. Гэхдээ тоглогч бүрийн цалин хоорондоо харилцан адилгүй гэдгийг уншигч та бүхэн ойлгоорой.
-Тамирчин хүн ялж, ялагдаж сурах ёстой гэдэг. Ялагдал танд юуг сургадаг вэ?
-Ялагдах үе мэдээж хэцүү. Анх уйлаад л бөөн юм болдог байсан. Харин одоо ялагдлаа гээд хэнд ч буруу өгөхгүй, хариуцлагаа хүлээдэг болсон. Энэ нь амьдрал дээр ч бусдыг биш өөртөө хариуцлагыг үүрч, засахад хэрэг болно гэж найддаг.
-Лигийн аварга, Үнэ цэнтэй тоглогч, Азийн наадмын мөнгөн медальтай тамирчин боллоо. Өөрийнхөө нэрний өмнө өөр ямар амжилтуудыг бичихийг зорьж байна?
-Хамгийн ойрын зорилго аваргаа хамгаалах. Мөн олимпын эрхийн тэмцээнүүддээ сайн тоглож, олимпын эрх авмаар байна. Харин алсын зорилго нууц хэвээр үлдэг.
Бат-Эрдэнийн ДЭМБЭРЭЛНЯМ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл1
Амжилт хүсье. Маш их бахархсан шүү.