АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
Омар бин Омран гэдэг энэ хүн 1990-ээд оны үед хүүхэд байхдаа Алжирын иргэний дайны үеэр Жельфа хотоос гэнэт алга болсон байна. Гэтэл өдгөө 45 настай болсон О.Омран төрж өссөн гэрээсээ ердөө 200 м-ийн зайтай газарт байжээ.
Үүнтэй холбогдуулан цагдаа нар 61 настай нэгэн эрэгтэйг баривчилсан байна. Алжирын Засгийн газар болон исламист бүлгүүдийн хооронд 10 жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөний үеэр О.Омран сураггүй алга болжээ.
Ар гэрийнхэн нь түүнийг амь үрэгдсэн 200 мянган хүний эсвэл хулгайлагдсан 20 мянган хүний тоонд орсон байж магадгүй хэмээн үзэж байв. Гэвч түүнийг энэ сарын 12-ны өдөр хонины хашаан дотор бухлын дор нуугдсан байхад нь олжээ.
О.Омран хөршүүдийнхээ нэгнийх нь гэрт, хонины хашаанд байсан гэх мэдээлэл Прокурорын газарт ирсэн бөгөөд уг эдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Улсын ерөнхий прокуророос цагдаагийн газарт даалгажээ. Ингээд тавдугаар сарын 12-нд оройн 20 цагийн үед хохирогч 45 настай Омар бин Омраныг хөрш болох 61 настай Б.А-гийн байшингийн хонгилд байхад нь олсон байна.
Сэжигтэн хэргийн газраас зугтахыг завдсан боловч түүнийг баривчилжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд О.Омранд эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлж байгаа ажээ.
О.Омран хоригдож байсан газраасаа гэр бүлийнхнийгээ хэд хэдэн удаа харж байсан боловч барьцаалагч этгээд түүнийг ховсодсон тул тусламж хүсэх боломжгүй байсан тухайгаа өөрийг нь аварсан хүмүүст ярьсан байна. Түүний ээж 2013 онд нас баржээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
shal buruu orchuulhiin
Шаал худлаа мэдээ!