sonin.mn

Дэлхийн эх газар дахь хамгийн том тэнгис болох буурал Каспийн эрэгт орших эртний Баку хотыг зорин нисэж явна. Зорилго гэвэл, тус хотод болох Соёл хоорондын ойлголцол, яриа хэлэлцээний дэлхий дахины 6 дугаар чуулга уулзалтын үйл явцыг сурвалжлах. МОНЦАМЭ агентлагийн даргад урилга ирүүлж, энэхүү түүхэн үйл явдлын гэрч болох боломжийг олгосон Азербайжаны үндэсний мэдээллийн “Азертак” агентлагийн ерөнхий захирал Вугар Алиевт талархаад аян замдаа гарлаа. Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш эйрлайнс” компанийн Airbus A320 нисэх онгоц дүүрэн зорчигчтойгоор Истанбул хотыг чиглэн хөөрөв. Улаангом хотоор “дайрч”, Шинжааны Такламаны их цөлийг гатлан, Киргиз, Узбекистан, Туркменистан, Баку хот, Гүржийн нутаг дээгүүр, мөн Хар тэнгисийн өмнөд эргийг даялан 10 цаг гаруй ниссээр тэнгисийн баруун өмнөд захад оршдог Туркийн хамгийн том хот болох 18 сая хүн амтай Истанбулд газардлаа.


ЗАМ БҮХЭН ИСТАНБУЛ ТИЙШ ЗАЛНА 


Эрт цагт “бүх зам Ром руу хөтөлнө” гэж ярьдаг байсан бол ковидын өмнөхөн Истанбулд дэлхийд гуравдугаарт орох нисэх онгоцны аварга том буудал ашиглалтад орсноор тус хот дэлхийн агаарын тээврийн хаб болон өргөжиж, өдгөө зам болгон Истанбулд залж авчирдаг болжээ. Эндээс 350 чиглэлд нислэг үйлддэг бөгөөд хөөрч буух 6 зурвастай тус нисэх буудалд 225 мянган хүн ажиллаж, жилдээ 90 сая зорчигчид үйлчилдэг, цаашдаа 200 сая хүнийг хүлээн авна гэх мэт нүсэр тоонууд сонсогдоно. Цаашилбал, дэлхийд хамгийн том Duty Free дэлгүүрийн сүлжээ ажилладаг, Европт хамгийн томд тооцогдох 70 мянган автомашины зогсоолтой гэх мэтээр гайхшруулна.


Истанбул хот урд талаараа Гантиг тэнгисээр, хойд талаараа Газар Дундын тэнгисээр хүрээлэгдсэн тул байнга манан буданд хучигдсан байдаг ажээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нисэх буудлын хөөрөх буух зурвасуудад “түгжрэл” үүссэн бололтой, манай онгоц цаг орчим саатсаны эцэст Бакуг зорин хөөрлөө.


Ингээд 3 цаг гаруй ниссэний эцэст дэлхий дээрх хамгийн тансаг бөгөөд гоёмсог, ая тухтай гэж үнэлэгддэг Баку хотын Хейдар Алиевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.


МӨНХИЙН ГАЛААР ТӨӨНӨЖ, САЛХИАР ҮЛЭЭСЭН НУТАГТ


Баку гэдэг нь эртний перс хэлээр "Бад кубе" буюу "салхиар үлээсэн хот" гэсэн утгатай үг гэнэ. Үнэхээр ч чуулга уулзалт болсон хоёр өдрийн турш хийсгэчих шахам догшноор шуурч, Каспийн тэнгис эрчлэн хуйларч, цэнхэр давлагаа нь байгалийн сүр хүчийг сүрдэн бишрэхээс аргагүйд хүргэнэ. Үргэлжилсэн хүчтэй нөөлөг салхи нь Казахстаны их тал нутгийн Астана хотын шуургыг санагдуулна.


Каспийн тэнгисийн Азербайжанд хамаарах хэсэгт /сектор/ хамгийн хүчтэй шуурдаг тул салхин цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн цахилгаанаа Хар тэнгисийн ёроолоор тавих гэж буй кабелиар дамжуулан Европын Холбооны орнуудад нийлүүлэх боломжийг хэлэлцэж байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Азербайжаны салхины эрчим хүчний нөөц нь тус улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаас даруй 20 дахин их ажээ. Чуулга уулзалтыг нээж тус улсын Ерөнхийлөгч И.Алиев хэлэхдээ “Бид 2030 он гэхэд нар, салхины сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 5 гигаваттад хүргэснээр ногоон эрчим хүчинд бүрэн шилжинэ” гэдгээ дурдаж байлаа. Ташрамд хэлэхэд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх СОP29 чуулга уулзалт ирэх намар Бакуд болно.


Каспийн тэнгисийн эргэн тойронд Орос, Азербайжан, Иран, Казахстан, Туркменистан гэсэн 5 улс орших бөгөөд Каспийн тэнгисийн эрхзүйн статусын тухай Конвенцыг 2018 онд баталснаар тэнгисийн их баялгийг тунчиг эв найртайгаар хуваан эзэмшдэг ажгуу. Тухайлбал, Азербайжан улс нефть, хийн асар их нөөцөө ашиглан эрчим хүчний асуудлаа бүрэн шийдэж чаджээ. Үдшийн бүрийд алгуур доошилж буй нисэх онгоцны цонхоор харахуйд Баку хот тэр аяараа өнгийн өнгийн тансаг гэрэлд умбаж, “Тог цахилгааныг тун ч гамгүй хэрэглэж байна даа” гэх бодлыг төрүүлнэ. Орчин цагийн болон эртний гоёмсог барилгуудаа шөнийн туршид гэрэлтүүлэх ажээ. Тухайлбал, “Галт цамхаг” хэмээх галын дөл мэт хэлбэртэй гурван өндөр шилэн барилгыг онгоцноос харахад үнэхээрийн үзэсгэлэнтэй. Цамхгийн гэрэл солонгын долоон өнгөөр цацарч байснаа гэнэт Азербайжаны төрийн далбааны өнгөөр тодорно.


Азербайжан гэдэг нь “Мөнх галын орон” гэсэн утгатай үг ажээ. Учир нь, Каспийн тэнгисийн сав газрын хөрсөнд нефтийн судал маш ойрхон байдаг тул газрын тос аяндаа нэвчин гарч ирээд агаартай исэлдсэнээр гал дүрэлзэн асаж, ямар ч ширүүн салхи бороонд унтардаггүй болой.


Ийм судал дээр чулуун тавцан засаад тойруулаад сүм барих бөгөөд үүнээс улбаалан баруун өмнөд Азид, өнөөгийн Азербайжан улсын нутагт Зороастерийн шашин буюу гал тахилгын шашин МЭӨ IX зууны үед дэлгэрсэн түүхтэй.


Энэ үеэс хойш хэдэн зуу, мянган жилийн турш гал унтраагүй тул Азербайжан улс яах аргагүй “мөнх галын орон” болой. Үүнийг цааш сонирхвоос сэтгүүлч А.Баатархуягийн бичсэн “Цогт чандманийн эрэлд” гэдэг номыг уншаарай. Харин Баку гэдэг нэрийг сонсоод 50-иас дээш насныхны хувьд “Бакугийн 26 комиссар” гэдэг кино юун түрүүнд санаанд нь бууна. Зөвлөлт засгийг хамгаалан тэмцэж байсан эрэлхэг комиссаруудыг хувьсгалын эсэргүүчүүд баривчлан авч, тамлан байцааж, эцэст амийг нь хороож буйг үзүүлдэг тэрхүү киног буйдхан сумын клубт байн байн гаргах бөгөөд бага ангийн сурагчид бид утга учрыг нь төдийлөн ойлгохгүй, гэхдээ хамгийн гол нь ямар ч хамаагүй кино үзэх нь зугаагаа гаргах цор ганц зүйл байдаг байж билээ. 


Мөн энэ хотод монгол оюутнууд суралцаж байсан бөгөөд яг хэдэн оюутан, хэдэн оны үед сурч байсан тухайд мэдээлэл алга. Манай улс Азербайжан улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон бол Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд тус улсад айлчилж байжээ.


Харьцангуй цөөн буюу 10 сая гаруй хүн амтай, нутаг дэвсгэрийн хувьд Завхан аймагтай ойролцоо энэ улс хойд талаараа Кавказын нуруу, өмнөд талаар Карабахын уулсаар хүрээлэгдсэн нам дор газарт оршино. 2000-аад оны эхээр “газрын тосны салбарын тэсрэлт” болж, эдийн засаг нь зарим жилд 25-30 хувиар өсөж, “Кавказын бар” гэж хүртэл нэрлэгдэж байжээ. Нефть, хийн экспортоос олсон их орлогоо 1999 онд байгуулагдсан Улсын газрын тосны сандаа (СОФАЗ) төвлөрүүлж, ирээдүйд үр ашигтайгаар зарцуулах зохицуулалтыг хийж өгсөн байна.


Хуримтлуулсан энэ мөнгөөрөө шинэ Баку хотыг сүндэрлүүлж эхэлсэн нь өнөөг хүртэл үргэлжилсээр. Үүний жишээ гэвэл, хотын төвөөс зайдуухан орших “Марриот” зочид буудлын ойролцоох явган хүний хэд хэдэн нүхэн гарцаар зорчиж явах үед нүд орой дээрээ гарах шахав. Учир юун хэмээвээс, нүхэн гарц бүхэнд ердийн шатнаас гадна их дэлгүүрийн урсдаг шатнуудыг 4 талд нь суурилуулсан байх ба 60-70 м урт хонгилын хана шал хоёрыг тэр чигт нь гантиг чулуугаар бүрчихсэн байхыг хараад гайхширлаа. Харин ЗХУ-ын үед барьсан эхний таван метроны нэг нь Бакугийн метро бөгөөд 35 км урт, 27 өртөөтэй гэдгийг сонсоод “Энэ зэргийн гарцыг төвөггүй барих юм байна даа” гэх бодол төрөв. Ковидын үеийн их хөл хорионы үеэр метрогоо бүрэн шинэчилсэн гэнэ.


ӨРНӨ, ДОРНЫН УУЛЗВАР ЦЭГ      


Азербайжан бол Ази, Европ тивүүдийн яг зааг дээр, Исламын ба Христийн шашинтнууд амьдардаг газар нутгийн уулзвар дээр орших өвөрмөц байрлалтай, лалын ертөнцөд харьяалагдах боловч Өрнө дахины соёлыг шингээсэн улс юм. Тус улсын Ерөнхийлөгч И.Алиев чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлэхдээ “Олон янзын соёл ба угсаатны олон бүлгээс тогтдог Азербайжаны нийгэм нь хүлээцтэй байх, бие биенээ хүндэтгэх, нөхөрлөж хамтрах гэсэн маш чухал үнэт зүйлсээ олон зууны туршид хадгалсаар ирсэн. Энэ бол Азербайжан улс амжилттай хөгжиж буйн гол учир шалтгаануудын нэг мөн” гэлээ.  

Азербайжан бол зөвхөн нефтийн орон гэж ихэнх хүн боддог байх, харин энэ оны статистик мэдээллээр, байгалийн хийн экспортын орлого нь нефтийнхээс давжээ. Тус улс жилдээ нефть, хийн экспортоос 30 гаруй тэрбум ам.доллар олдог бол нийт экспорт нь 35-36 тэрбум доллар орчимд эргэлдэнэ. Азербайжаны стратегийн валютын нөөц нь 70 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсын гадаад өрөөс даруй 10 дахин их байна. Гэтэл худалдан авах чадвараар тооцсон нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг нь харвал төдийлөн их биш, 20 мянга гаруй ам.доллар байгаа нь манай Монголынхоос ердөө 25-30 хувиар л илүү ажээ.



Эндхийн 40-өөс дээш насныхан орос хэлээр чөлөөтэй ярьдаг бол сүүлийн жилүүдэд орос хэлтнүүдийн тоо цөөрсөөр Z үеийнхний ихэнх нь англи хэлийг сонгожээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан зарим улсад орос хэлийг, мөн Эх орны дайнтай холбоотой хөшөө дурсгалыг ад шоо үздэг бол Азербайжанд ийм хандлага огт ажиглагдахгүй. Ер нь бол, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын дотроос фашист Германыг ялахад хамгийн жинтэй хувь нэмэр оруулсан нь Азербайжан гэж үздэг. Дайны дөрвөн жилийн хугацаанд азербайжанчууд Зөвлөлтийн арми, ЗХУ-ын эдийн засгийн бүх салбарыг бараг 100 хувь нефтийн бүтээгдэхүүнээр хангаж байжээ.


Нөгөөтээгүүр, дайны үед 3,3 сая хүн амтай байсан тус улсаас 700 мянган хүн фронтод байлдахаар явж, тал нь эргэж ирээгүй гэдэг, иймээс ялалтын үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрдэг хүмүүс бол азербайжанчууд гэдэг нь ойлгомжтой.

Бакугийн нефтьчдийн нөр их хөдөлмөрийн ачаар Улаан арми бензин шатахуунаар огт гачигдаж байгаагүй гэдэг. Гитлер нэгэн удаа ярихдаа “Хэрвээ би Бакуг эзэлчих юм бол бүх дэлхий миний өлмий дор унана” гэж байсан бөгөөд тэндхийн нефтийн цооногуудыг авахын тулд десант буулгахаар төлөвлөж байсан аж. Түүхийг бүр ухраагаад харвал, XIX зууны сүүлч XX зууны эхээр дэлхийн газрын тосны хэрэгцээний 50 хувийг Бакугийн цооногуудаас хангаж байжээ.


УРАН БАРИЛГААР НЬ УЛСЫГ ДҮГНЭХҮЙ


Соёл хоорондын ойлголцлын дэлхий дахины 6-р чуулга уулзалтын нээлт Азербайжаны Ерөнхийлөгч асан Хейдар Алиевийн нэрэмжит Соёлын төвд боллоо. Харин салбар хуралдаанууд тус цогцолборын хурлын төвд болсон юм. Энэхүү гайхамшигт ордон бол Бакугийн гол бэлгэ тэмдгүүдийн нэг бөгөөд түүний зураг төслийг ирак гаралтай Их Британийн иргэн Заха Хадид гэдэг эмэгтэй боловсруулсан гэнэ. Тэрбээр уран барилгын салбарт дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны эмэгтэй хүн гэдгээрээ алдартай бөгөөд түүний бүтээл болох Х.Алиевын нэрэмжит цогцолбор 2014 оны дэлхийн шилдэг дизайны шагналыг хүртэж байжээ.


Ямар ч хурц ба тэгш өнцгүүд гаргахгүйгээр барьсан энэхүү долгионтсон хэлбэртэй байгууламжийг бүхэлд нь харах боломжгүй тул тухайн хүний төсөөлөл, уран сэтгэмжээс хамааран далайн давалгаа эсвэл элсэн манхан, эсвэл галын дөл, эсвэл аварга загас мэт харагдана. Холоос харсан зарим хүнд харь гаргийн хөлөг мэт, эсвэл өөр гаргаас ирсэн амьтны дүрс мэт санагдана. Ер нь бол Баку хот уран барилгын хэв маяг, хийц урсгалын хувьд  эрс тэс ялгаралтай /контраст/ бөгөөд нэг хэсэг газраа Истанбулыг санагдуулах бол Парисын гудамжаар алхаж буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр дүүрэг ч бий.


Футурист загвар, байгальд ээлтэй шийдэл бүхий өндөр барилгуудыг нь харвал Дубайтай төстэй бол XX зууны эхэн үеийн “нефтийн бүүм”-ийн үеэр, мөн Сталины үед барьсан барилгууд гэнэт нүднээ тодорно. Энэ хотод “замын түгжрэл” гэсэн ойлголт сонгодог утгаараа огт үгүй бөгөөд “хөдөлгөөн удаашрах” тухай л ярьдаг бололтой.


Харамсалтай нь, энэ бүхнийг зөвхөн автобусны цонхоор харж, чуулга уулзалтын хоёрхон хоногийн дотор Баку хоттой танилцаж амжсангүй. Зарим хүн “Улсын хөгжлийг өндөр байшингаар хэмжихгүй, иргэдийнх нь боловсролоор дүгнэнэ” гэх мэтээр ярьдаг, харин тухайн оронд ганц хоёр хоногоор саатах үед бол шинэ гоёмсог байшин барилгууд ба эртний байгууламжуудаа хэрхэн хадгалж үлдсэнээр нь хөгжлийг нь дүгнэхээс өөр аргагүй. Үзэх юм ихтэй газар гэнэ. Хамгаалалтын ажилтнууд, сайн дурынхан ярихдаа, “Хуучин Баку хот гэж бий, “Эрдэнэ нуусан гар” гэдэг инээдмийн киноны гадаадад болж буй үйл явдлын зургийг тэнд авсан” гэх зэргээр зөвлөж байх юм.


БУЦАХ ЗАМД ТӨРСӨН БОДРОЛ


Эх нутгийн зүг хөлгийн жолоо залахаар дахиад Туркийн онгоцонд суухад зорчигчдын тал нь Монголыг зорьж буй гадаадынхан байх нь жуулчны улирал аль хэдийн эхэлснийг илтгэнэ. Манай МИАТ-ын онгоц ч дүүрэн зорчигчтой. Энэ жилийн хувьд манай улсын сурталчилгаа маш идэвхтэй, өргөн далайцтай явагдаж Монголд аялах нь трэнд болж байгаа бололтой. Дэлхийд тэргүүлэгч СNN агентлаг зэрэг мэдээллийн хэрэгслүүдээр Монголыг сурталчилсан баннер цацагдсаар байна. Бакугийн нэгэн дэлгүүрийн худалдагч залуу Монголыг сурталчилсан нэвтрүүлгийг үзсэн тухайгаа яриад “Моголстан их гоё улс байна билээ, очиж үзэх юмсан” гэж байх юм. Одоо реклам маань “хэтийдээд цөмөрчихгүй” бол 1 сая жуулчин хүлээн авч, 2 тэрбум ам.долларын орлого олох нь биелэхэд ойрхон зорилт мэт санагдана. Үүний тулд юуны түрүүнд жуулчидтай хэрхэн харьцах талаар иргэдэд зааж зөвлөж, гадаадынхныг /ялангуяа эмэгтэйчүүдийг/ цоо ширтэх, араас нь дагуулан харах нь зохисгүй бүдүүлэг үйлдэл гэх мэтийг сайтар ойлгуулах нь зүйтэй.




Б.Адъяахүү