sonin.mn

“Эрэл” группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.


Тэрээр: "1984 оноос хойш миний сүүлийн 40 жил хийсэн ажил, амьдралын талаар Х.Нямбаатар дүгнэж ярьж байна лээ. Үндсэн хуулиараа бид хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулаад, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, эдийн засаг гэж ярьдаг болсон. Чөлөөт зах зээлийн амин сүнс нь өмчийн бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хамгаалсан явдал. Хувийн өмчийг хуулиар хамгаалсан тогтолцоонд шилжээд 34 жил болжээ. Байж болохгүй нэг зүйл нь шударга ёсны сайд буюу Хуульзүйн сайд байсан, өнөөдөр хотын дарга болсон хүн Үндсэн хуулиа зөрчөөд, хуулиас гадуур хүний хувийн өмчийг, "Эрэл"-ийг буулгана, нураа гээд, маргааш нь өөрөө очиж шалгана гээд ярьж байна.



Өөрөөр хэлбэл бусдыг гэмт хэрэг үйлд, хүний өмчийг нураачих гээд мафийн толгойлогч хүн шиг ичгүүр сонжуургүй үйлдлээ улс орон даяар зарлаж байна. Энэ бол маш ноцтой, байж боломгүй үйлдэл.



Би 1984 онд сургууль төгсөж ирээд ШБОС хийж, Өвөрхангай аймгийн таван сумын нутаг дэвсгэрийг хамарсан зураглалын ажлаар хайгуул хийж, Уянга сум дахь алтны ордыг нээсэн. Эндээс гарсан бүх алтаа төрийн хамгаалалтан дор Монгол банкны эрдэнэсийн санд тушаасан. Эндээс олсон орлого, ашгаараа 1994 онд БҮК-ийг худалдаж авсан байдаг. 1996 онд тоосгоны үйлдвэрийг, 1998 онд Дарханы цементийн үйлдвэрийг хөрөнгийн бирж дээрээс хувьцааг нь худалдаж авч байсан юм. 1998 онд Эх орон намаа байгуулж, улстөрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш улс төрийн бүхий л шахалт, дарамтыг амсаж ирсэн.



Х.Нямбаатарын хийсэн мэдэгдэл бол улстөржсөн мэдэгдэл. Залуу хүн ийм муйхар, бүх хуулиудыг зөрчиж, хувийн өмчийг булаан авч, дээрэм хийж байна. Энэ үйл ажиллагаа цаашдаа жишиг болж болохгүй.



Энэ асуудал дээр Х.Нямбаатар уучлалт гуйх байх. Үйл ажиллагаагаа таслан зогсоох байх гэж бодож байна. Төв цэнгэлдэх хүрээлэн тойрсон газрыг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат авсан гэж ярьсан. Надад төв цэнгэлдэх тойрсон ганц амбаар ч байхгүй. Зүүн 4 замын ойролцоо авсан нэг ч газар байхгүй. Үүнийг нотлох баримттай нь гаргаж тавих ёстой. Хэрэв уучлалт гуйхгүй бол хуулийн байгууллагад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хүний нэр төрд халдсан, зохиомол гүтгэлэг явуулсан талаар шалгуулна. " гэв



М.Чой