sonin.mn

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль Монгол Улсын эдийн засгийн хувьд чухал мөчлөг болж байгаа тул түүхэн дахь энэхүү хэцүү цаг үед улс орны эрх мэдлийн жолоог хэнд өгөх, хэн гартаа авахаас шалтгаалж эдийн засаг, нийгмийн хөгжил тодорхойлогдох юм. Сонгууль дөхөж байгаа энэ үед улс төрийн томоохон намууд инноваци, тогтвортой байдал, иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн тэгш байдлыг хангахад ихээхэн ач холбогдол өгч, “мөрийн хөтөлбөр” нэртэй том том эдийн засгийн амлалттууд болох бодлого, төсөл гаргаж, иргэдэд амлалт өгч эхэлдэг.


УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон намуудын сонгууль бүрийн амлалт нь : “эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, ДНБ өсгөж, ажлын байрыг нэмэгдүүлэж, ядуурлыг бууруулна” гэх мэт. Гэтэл энэ 30 гаруй жилийн турш аль нь ч биелээгүй. Эдийн засгийн хямрал үргэлжилж, дотоодын нийт бүтээгдэхүүн буурч, орлогын албан татвар нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, ажилгүйдэл, ядуурал хэвээрээ л байна.


Сүүлийн 8 жил төрийн эрхийг барьж байгаа МАН-ын эдийн засгийн амлалтуудаас дурьдахад: 2016 оны мөрийн хөтөлбөртөө: “дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж ДНБ-д эзлэх хувийг 20 хувьд хүргэнэ” (2.6.2) гэж тусгасанаас гадна “эдийн засагаа, иргэдээ ядуурлаас аварна” гэсэн том амлалт нь тухай үеийн уриа лоозон л болон үлджээ.


2020 оны мөрийн хөтөлбөр дэхь эдийн засгийг хөгжүүлэх бодлогодоо: “Ирэх дөрвөн жилд үндэсний баялгийн сан байгуулж, хөгжилд хүрэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ” гэжээ.


Сонгууль болгоноор ийнхүү амлалт өгч, эдийн засгийн прогнозыг гаргаж, сонгогчид эдгээр амлалтад хэрхэн хариу өгөх нь сонгуулийн үр дүнд ихээхэн нөлөөлдөг учир хэрэгжих эсэх буюу явц, бодит үр дүн нь тодорхойгүй хоосон амлалтууд өгсөөр иржээ. Гэтэл энэ жилийн амлалт нь бүр томсгосон гэхүү: “ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ” гэж тусгасан байгаа нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих ямарч боломжгүй зүйл гэдийг судлаачид хэлж байна. Үүний оронд иргэдийн өмнө нэн тэргүүнд тулгамдаж байгаа үнийн өсөлт болон агаар, орчны бохирдолоо бууруулж, замын түгжирэлын асуудлаа л шийдэх чухал байгаа юм.


Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь: Эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд ДНБ өсгөх тал дээр анхаарлаа хандуулж байгаа хэдий ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөх эрсдэлтэй учир уул уурхай салбараас гадна эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийснээр ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурийг тавих нь тэргүүлэх чиглэл юм. Монгол улс эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэхийн тулд салбар бүрийн хөгжлийг дэмжсэн өсөлтийн чухал бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.


Үүнд: олон талт эдийн засгийн инноваци, чадвартай, мэдлэгтэй ажиллах хүчийг бэлтгэх боловсрол, мэргэжлийн сургалтадаа шинэчлэл хийх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, ил тод засаглалыг хангасан бодлого хэрэгжүүлэх, ЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулж хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн бодлого нь эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой юм. Сонгуулийн үр дүн улс орны эдийн засгийн чиг хандлагад сайн муугаар нөлөөлдөг. Улс төрийн тогтворгүй байдал, хөрөнгө оруулалтыг саатуулсан бодлого нь эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтөд саад учруулдаг. Тиймээс сонгуулийн үр дүн улс орны өнгө төрхийг тодорхойлох төдийгүй, хөгжил цэцэглэлтэд эдийн засгийн хөгжлийг нэн тэргүүнд тавих, өсөлтийг дэмжих бодолого хэрэгжүүлснээр эдийн засагаа ядуурлаас аварч чадах юм.



Сэтгүүлч Б.Алтантуул