sonin.mn

Монголын үндэсний олимпын хороо болон “Орд Гэр” ХХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Орд гэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Санамж бичгийн хүрээнд Олимпын наадмын үеэр Парис хотын “La Villette” паркт Монгол нүүдэлчин соёл, өв уламжлал, ёс заншлаа олон улсад сурталчлах “Mongolia House” төслийн монгол гэрийг “Орд Гэр” ХХК-аас хийж гүйцэтгэх юм.


“Орд Гэр” ХХК нь Монголын уламжлалт ахуй соёлыг орчин үеийн амьдралын хэв маяг, технологийн дэвшилтэй хослуулсан, байгальд ээлтэй “Монгол хаус”-ыг үйлдвэрлэгч шилдэг байгууллага билээ. Түүнчлэн өнгөрсөн жил зохиогдсон “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын үеэр МҮОХ-ны гаднах “Бөртэ Чоно” талбайд уг хаусыг барьж, гадаадын зочид, төлөөлөгчдөд эх орноо сурталчлах үйл ажиллагааг хамтран өрнүүлсэн туршлагатай.