sonin.mn

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар утсаар ярив. Тэд Хятад, Америкийн харилцаа болон хоёр талын сонирхож буй асуудлаар нээлттэй ярилцжээ.


Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч таньтай би Сан Францискод уулзаж, ирээдүйд чиглэсэн “Сан Францискогийн хэтийн зорилт”-ыг эхлүүлсэн. Сүүлийн саруудад хоёр орны ажлын хэсэг бидний тохиролцсон нийтлэг ойлголтуудыг нягт нямбай хэрэгжүүлж, Хятад, Америкийн харилцаа тогтворжих хандлагатай болж байгааг хоёр орны олон салбарт төдийгүй мөн олон улсын хамтын нийгэмлэг ч сайшааж байна. Нөгөө нэг талаар, хоёр орны харилцааны эмзэг хүчин зүйл зохих хэмжээгээр нэмэгдэж байгааг анхааран үзэх шаардлагатай. Энэ онд Хятад, Америкийн харилцаа хэдэн том зарчмыг баримтлах хэрэгтэй гэж бодож байна.

Нэгд, эвтэй, найрсаг харилцаатай байх нь эрхэм чухал. Зөрчилдөж сөргөлдөхгүй байх, аль аль талын хязгаарыг хэтрэхгүй байж, Хятад, Америкийн харилцааны эерэг хүлээлтийг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Хоёрт, тогтвортой байдлыг гол болгож, үймээн дэгдээхгүй, хэрэг өдөөхгүй, хэм хэмжээний хязгаарыг давахгүй байж, Хятад, Америкийн харилцааны тогтвортой байдлыг хадгалах хэрэгтэй. Гуравт, итгэлцлийг дээдлэж, амлалтдаа бодитоор ажил хэрэг болгон, “Сан Францискогийн хэтийн зорилт”-ыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёр тал харилцан хүндэтгэсэн байдлаар яриа хэлцлээ эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө хянаж, уян хатан байдлаар хамтран ажиллаж, олон улсын харилцааны зохицуулалтад ухаалгаар хандах хэрэгтэй" гэв.


Хариуд нь Жо Байден хэлэхдээ, Америк, Хятадын харилцаа бол нөлөөллөөрөө дэлхийд хамгийн гүн хоёр талт харилцаа юм. Сан Францискогийн уулзалтаас хойш Америк, Хятадын харилцаа нааштай ахицтай байгаа нь хоёр тал хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийн зэрэгцээ санал зөрөлдөөнөө хариуцлагатай хянаж болохыг харуулж байна. Америкийн тал “шинэ хүйтэн дайн” хийхийг эрэлхийлэхгүй, Хятад улсын тогтолцоог өөрчлөхийг сүвэгчлэхгүй, холбоотнуудаараа дамжуулан Хятад улсыг эсэргүүцэхгүй, “Тайванийг тусгаар тогтнуулах” гэдгийг дэмжихгүй, Хятад улстай сөргөлдөх санаагүй гэдгийг онцлон тэмдэглэе.


Америкийн тал "Нэг Хятад" зарчмыг баримтална.


Хятад Улс хөгжих нь дэлхий дахинд ашигтай, Америк, Хятадын хөгжлийг хязгаарлах, Хятадтай “харилцаагаа тусгаарлах”-ыг оролдохгүй. Сангийн сайд Жанет Йеллен, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкени нарыг ойрын үед Хятадад айлчлуулж, Хятадын талтай яриа хэлцэл харилцаа холбоогоо нэмэгдүүлж, буруу дүгнэлтээс сэргийлж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хоёр орны харилцааны тогтвортой хөгжлийг үргэлжлүүлэн, дэлхийн шинжтэй сорилтын эсрэг хамтдаа тэмцэхэд бэлэн байна" гэжээ.


Хоёр орны төрийн тэргүүн нар мөн Украины хямрал, Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.


Г.Бямба