Өчигдөр буюу ням гарагт дэлхий даяар христийн шашинтнуудын хамгийн гол баяруудын нэг болох Улаан өндөгний баярт зориулсан ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Хуанлийн зөрүүнээс үүдэн католик шашинтнууд ба үнэн алдартны шашинтнууд уг баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг бөгөөд энэ онд үнэн алдарт шашинтнуудын хувьд 5 дугаар сарын 5-нд, католикуудын хувьд 3 дугаар сарын 31-ний өдөр тус тус тохиож байна.
Иисус Христ баасан гарагт /Good Friday/ загалмайд цовдлуулснаас хойш хэдэн өдрийн дараа Easter Sunday буюу ням гарагт дахин амилсныг дурсан христийн шашинтнууд Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг. Уг баярыг тохиолдуулан Ромын Пап Франциск Ватиканд сургаал номлол айлдах үеэрээ, Газын зурвас ба Украинд болж буй дайныг зогсоох, өнөөдрийг хүртэл ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг уриаллаа.
Израиль,ХАМАС-ын хооронд гал зогсоох асуудлаар шинэ хэлэлцээ эхлэхийн өмнөхөн, Улаан өндөгний баярыг тохиолдуулан уламжлал ёсоор гаргадаг илгээлтдээ тэрбээр “зэвсгийн хүчээр энх тайвныг тогтоодоггүй” хэмээн онцлон тэмдэглэлээ. “Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх боломжийг хангах, 10 дугаар сарын 7-нд барьцаалагдсан хүмүүсийг аль болох ойрын үед суллах, Газад нэн даруй гал зогсоох”-ыг Ромын Пап уриалав.
Мөн тэрбээр олон улсын эрхзүйн зарчмуудын дагуу Орос, Украины олзлогдсон цэргүүдийг нэн даруй харилцан солилцохыг уриалсан байна. Харин энэ удаад энхийн хэлэлцээ хийж эхлэхийг Киевт дахин уриалсангүй. Тэрбээр өмнө нь хэлэхдээ “нөхцөл байдлыг харж чаддаг, ард түмнээ боддог, хэлэлцээ хийхийн тулд цагаан туг барьж чадах зүрх зоригтой хүн илүү хүчтэй байдаг” гэсэн нь Украины эрх баригчдын ширүүн шүүмжлэлд өртсөн байна.
Ватиканы Ариун Петрийн талбайд олон мянган хүн цугларчээ
Сахиусан тэнгэрийн хувцас өмссөн филиппин охид Манила хотод болсон оройн мөргөлийн үеэр
Кени улсын нийслэл Найроби хотод ахмад настнууд, хүүхдүүд хамтдаа зул асаав
Залбирал үйлдсэний дараа загалмайг үнсэх ёслолд оролцож буй ирак хүүхдүүд
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
Путин ахад кэлчиич
өвгөн цэрэгтэй
хэнч уриалж чадийшд. ажилгүй хар өвгөн бэ.