sonin.mn

Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургууль (UIEB), Зочин профессор Н.Икэда


Удиртгал: Еврази тивийн өнөөгийн нөхцөл байдал эмх замбараагүй байна


Ерөнхийлөгч Путины хэлснээр, 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн хэмээх Оросын Украинд явуулж буй «цэргийн тусгай ажиллагаа»  өдгөө тав дахь жилдээ ороод байна. Энэ дайн харилцан хүч нөөцөө шавхах дайн мөн үү? Хоёр тал хоёулаа ялалт ойрхон хэмээн мэдэгдэж буй ч ирээдүй тодорхойгүй, урьдчилан таамаглах боломжгүй хэвээр. Нэг талд нь Украиныг дэмжиж буй НАТО-гийн нөлөө бүхий гишүүн орнуудын бүлэг бий. Нөгөө талд нь цөмийн зэвсэгтэй Умард Солонгосоос Орост тусалж, цэрэг, зэвсэг нийлүүлж байна. Үүн дээр нэмэгдэн, 2026 оны хоёрдугаар сард АНУ, Израилаас Ираны эсрэг өргөн хүрээтэй агаарын цохилт эхлүүлчихээд байна. Хариуд нь Ираны арми Персийн булангийн орнуудад тархан байрласан Америкийн баазуудад довтоллоо.


Одоо Ормузын хоолойг хэн хянахыг тойрсон хоёр улсын зөрчил хурцдаж байна. Энэ бүсээс түүхий нефть тээвэрлэхэд үүссэн хязгаарлалт дэлхийн эрчим хүчний хямралыг улам хүндрүүлж байна.


Еврази тивд өрнөж буй энэ хоёр дайныг өмнөх хүчний тэнцвэр задарч, шинэ орчин бүрэлдэж эхэлсэн шилжилтийн үеийн үзэгдэл хэмээн үзэж болох уу? Юутай ч, бид энэхүү үймээн самууны дунд амьдрахаас өөр аргагүй болжээ. Тэгвэл тэртээ нэгэн цагт Еврази тивийн өргөн уудам нутаг бүхэлдээ улс төрийн нэн тогтвортой нөхцөлд оршиж, хүн хийгээд бараа бүтээгдэхүүн дорноос өрнө рүү, өрнөөс дорно руу бүрэн чөлөөтэй шилжин зорчиж байсан эрин үе бий билээ. Тэр эрин үеийг эргэн шинжилж судлах шаардлага өнөөгийнх шиг хүчтэй байсан удаагүй гэж бодож байна. Евразийн түүхэнд урьд өмнийн түүхээс эрс ялгарах цоо шинэ эрин үеийг нээсэн нь XIII зууны эхээр гарч ирэн, үлэмж хүчирхэг нөлөөгөө тогтоосон Чингис хаан тэргүүлсэн Монголын эзэнт гүрэн, монголчуудын гавьяа байв.


1. Дэлхийн түүхийг анх цогцлоосон Чингис хаан


Чингис хааны монголчууд мандан гарч ирэхийн өмнөх ба дараах дэлхийн түүх эрс ялгаатай. Евразид явуулсан Чингисийн түүхэн гарамгай үйл хэрэг энэ тивийн түүхэн урсгалыг үндсээр нь өөрчилжээ. Тэгвэл өнөөдөр өрнөж буй хоёр дайныг тэр адил шинэ эриний үүр цайхын өмнөх урьдач үе, бэлтгэл алхам хэмээн үзэж болох уу?


Чингис хааны туулсан замналаас ургуулан бодоход, өнөө үед түүн шиг бусдыг татан дагуулах онцгой увдистай, түүхэнд нөлөөлөхүйц хүн бий болов уу? Өнөөгийн монголчуудаас ингэж асуувал бараг бүгд толгой сэгсрэх биз ээ.


Монголчуудын энэ хандлага дэлхийн түүхийн үүдийг нээсэн Чингис хаан, түүний алтан ургийг гүн гүнзгий хүндэтгэж байдгийн илрэл биз ээ. Тэрхүү үнэлэмж нь монголчууд дэлхийн түүхэнд эзлэх өөрсдийн байр суурийг хэрхэн ойлгож буйг ч илтгэнэ. Дэлхийн хамтын нийгэмлэгийн талаарх монголчуудын энэхүү болгоомжтой, даруухан хандлага Чингис хаан хэмээх аугаа хүнийг өвөг дээдсээ хэмээн эрхэмлэж явдгаас эхтэй биз ээ.


2.Орчин үеийн Евразийн нийгэм дэх монгол үндэстний байр суурь


Монгол үндэстэн XIII зуунд асар уудам нутаг бүхий дэлхийн эзэнт гүрнийг байгуулж, түүндээ манлайлах үүрэг гүйцэтгэжээ. Өнөөгийн Монгол Улс 3.3 сая хүн амтай. Өвөр Монголын өөртөө засах орон, Хятадын зүүн хойд ба баруун хойд нутагт тархан суугаа 6–7 сая орчим монгол хүнийг нэмбэл нийтдээ 10 саяд хүрнэ. Еврази тивийн нийт хүн амтай харьцуулбал монголчууд цөөн тоотой үндэстний нэг төдий юм. 3.3 сая хүн амтай улс тийм өргөн уудам газар нутгаа хадгалан авч явж чадна гэж хэлж болох уу? Үнэн хэрэгтээ, улс орноо бараг зөнд нь хаясан байдалтай байна уу? Хөгжлийн боломж нөөц бий ч олон хязгаарлалттай тулгарч байна. Өнөөгийн удирдагчид нь монгол үндэстний олон талын давуу чанарыг хөгжүүлж, тэдгээрийг үр дүнтэй зохион байгуулж, ашиглаж чадах болов уу? Хэрэв эзэнт гүрнийг төрүүлсэн тэрхүү оюун санаагаа сэргээж чадвал «XXI зууныг Монголын зуун болгох» зорилгыг биелүүлж чадах бус уу.


3.Хүн гэдэг ирээдүйн чиг баримжаагаа түүхээс эрж олохыг хүснэ


Хүмүүс ирээдүйн чиг баримжаа олж авахын тулд түүхэн жишээ эрж хайх нь бий. Гэвч Чингис хаан тийм байдлаар үйлдсэн тухай тэмдэглэл «Монголын нууц товчоо»-нд үгүй. Ахмад буурлуудын үгийг сонсох боломж түүнд байсан л байх. Харин тэдний үг төрийн бодлогод хэр зэрэг туссаныг тодорхой мэдэхгүй. Энд «хүмүүс» хэмээсэн нь Чингис хаан шиг хосгүй суутныг бус, жирийн олон түмнийг хэлж буй хэрэг. Дэлхий ертөнц ч тийм жирийн хүмүүсээс бүрдэнэ. Чухам тиймээс л хүмүүс түүхээс үлгэр жишээг эрэлхийлнэ. Үндэслэгч Чингис хаан Евразийн дорно ба өрнийг нэгтгэн, урьд өмнө байгаагүй өргөн уудам эзэнт гүрнийг байгуулж чаджээ. Улмаар түүний залгамж тав дахь их хаан Хубилай нь Дайду буюу Бээжинд Юань улсыг байгуулж, анхны эзэн хаан нь болов. Монголчуудын хувьд Еврази тив алс холын нутаг биш, өөрсдийнх нь харааны хүрээнд багтах орон зай байжээ. Тэдний тэрхүү оюун чадвар ямар үр дагаварт хүргэснийг ухаарч мэдэхийн тулд тэдний туулсан замыг судлах шаардлагатай.


4.Монголын эзэнт гүрний мэргэн ухаан, засаглалын туршлагыг ойлгохын тулд


1989 оны сүүлээр Сүхбаатарын талбайд цугласан хүмүүсээс эхлэлтэй шинэ Монголыг бүтээн байгуулахад хэрэг болох санаа эрэлхийлж, би өөрийн ажилладаг UIEB сургуульд шагналт эсээний төсөл санаачилсан юм. Нийтлэг сэдэв нь “Монголын эзэнт гүрний засаглал” бөгөөд багш, оюутнуудад тус тусад нь ялгаатай даалгавар өгөв. Уул төслийг 2011–2012 оны хичээлийн жилд эхлүүлэв.


Эхний жилийн сэдэв нь “Чингис хааны удирдах арга ухаан”, хоёр дахь жил буюу 2012–2013 онд “Чингис хааны эзэнт гүрний хууль дахь хувь хүний онцлог ба тэгш эрхийн зарчим”-д төвлөрөв. Гурав дахь жил буюу 2013–2014 онд Чингис хааны оюун ухаан, итгэлцлийн тухай сэдэв дэвшүүлэв.


Дөрөв дэх жил буюу 2014–2015 онд Монголын эзэнт гүрний логистик, тээврийг авч үзэв. Тав дахь жил буюу 2015–2016 онд Монголын эзэнт гүрний гадаад бодлого «дэлхийн энх тайван»-д хэрхэн хувь нэмэр оруулсныг хэлэлцүүлэв. Зургаа дахь жил буюу 2016–2017 онд Монголын эзэнт гүрнийг удирдахад эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, хүч нөлөөг авч үзэв. Долоо дахь жил буюу 2017–2018 онд Монголын эзэнт гүрний татварын тогтолцоонд төвлөрөв. Найм дахь жил буюу 2018–2019 онд Монголын эзэнт гүрний хот төлөвлөлтийг судалсан билээ. Шалгарсан хүмүүст мөнгөн шагнал олгож байв. Багш нарын ангилалд шагнал хүртсэн эсээнүүдийг эмхтгэж хэвлүүлж ирэв. Дараа нь COVID-19 цар тахлын улмаас төслийг түр зогсоов. Нөхцөл байдал намжих үед Японы ивээн тэтгэгчдийн идэвх сонирхол буурсан байлаа. Тиймээс одоо шинэ арга зам эрэлхийлж байна.


5.Монголын эзэнт гүрний задрал: Тарваган тахлын дэгдэлт


Миний үзэж буйгаар, хүн төрөлхтний түүхэн дэх анхны их эзэнт гүрэн мөхсөн шалтгаан нь 1330-аад онд Юань улсын захиргаанд байсан Хятадын эх газарт дэлгэрсэн тарваган тахал юм. Өргөн уудам эзэнт гүрний доторх эмх цэгцтэй худалдаа, харилцаа холбооны сүлжээ тахлын тархалтыг түргэсгэж, харх түүнийг дамжуулагч болжээ. Түүхэн тэмдэглэлээр тахал 1347 онд Крымд дэгдэж, Сицилид хүрч тархжээ. 1348 онд Альпийн нурууг даван хойд зүгт тархаж, Еврази тив бүхэлдээ тахалд нэрвэгдэв. 1360-аад онд Юань улсын язгууртнууд тахалд сүйдсэн Хятадын эх газарт амьдрахаас залхан, цэнгэг агаарт Монголын өндөрлөгтөө буцан очжээ. Эцсийн дүндээ тэд үнэхээр тахалд ялагдсан юм. Гэвч нийтэд дэлгэрсэн ойлголтоор тэднийг Мин улсад ялагдсан л гэцгээдэг.


6.Монголын эзэнт гүрний засаглалд илэрсэн мэргэн ухааныг дахин эргэцүүлж, сэргээн амилуулах нь


Тэр их өргөн уудам эзэнт гүрний захиргааны чадавх ч халдварт өвчний нянг дийлсэнгүй. Гэсэн ч бат бөх өвийг үлдээжээ. Османы эзэнт гүрний түүхч Абрахам д’Оссон шиг Монголын эзэнт гүрнийг соёл иргэншлийг сүйтгэгч хэмээн буруутгах хүн ч мэр сэр бий. Гэвч аливаа үзэгдэлд өөр өөр өнцгөөс хандвал огт өөр дүр төрх илэрч болно. Өнөөдөр бид дараах асуултыг тавих учиртай. Еврази тивийн өнөөгийн нөхцөлийг харгалзан, Монголын эзэнт гүрний туршлагаас суралцах замаар илүү тогтвортой дэг журам бүрдүүлэх арга зам үгүй гэж үү? Монголын эзэнт гүрний засаглалын мэргэн ухааныг өнгөрсөн цагийн юм хэмээн хаяж орхихын оронд дахин нягталж, өнөөдөр ашиглаж болохыг нь сэргээн амилуулах боломжтой юу?


Урьдчилсан дүгнэлт: Монголоос мэдээлэл түгээх замаар ямар үр дүнд хүрч болох вэ?


Нэгэн цагт Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан бүс нутгийн их сургуулиудад тус гүрний түүхийг судалдаг эрдэмтэд цөөнгүй бий. Монголын эзэнт гүрний түүхийг тухайн улсын түүхэнд чухал байр суурьтай хэмээн үнэлэх эсэх нь уг түүх улсынх нь ирээдүйд юу өгч болохыг нээн тодорхойлж чадах эсэхээс шууд хамаарна.


Энэ бол өнгөрснөө санаж сэргээх төдий хэрэг бус, өнөө цагийн бид өнгөрснийг амьд түүх болгон хувиргаж чадах эсэх тухай асуудал юм. Үүний түлхүүр нь түүхийг ухаж ойлгох шинжлэх ухааны мэдлэгтэй эсэх, тэр мэдлэг нь хэр гүнзгий вэ гэдэгт оршино.


Иймээс өнөөгийн Монголд түүхийн мэдлэгтэй сэхээтнүүд нийгмийн сүлжээ ашиглан мэдээлэл түгээж, тухайн бүс нутгийн өнөөдөр ч амьд үргэлжилсээр буй түүхийг Монголтой ямар холбоотой болохыг нээн тодруулах нь хоёр талын оюуны сонирхлыг өдөөх эхлэл болж болно. Улс төр, эдийн засгийн салбарт шууд холбогдох цэг төдийлөн олон биш байж болох ч, мэргэн ухааны эх сурвалж болох түүхэн сургамжуудын хүрээнд оюуны идэвхтэй солилцоог дэмжвэл цаашдын шинэ сэдэл, эрэл хайгуулыг өдөөх боломжтой. Монголын эзэнт гүрний оюуны өвийг хэрхэн үнэ цэнтэй хөрөнгө болгох вэ? Энэ нь өнөөгийн Монголын сэхээтнүүд өөрийн үндэстний түүхнээ хуримтлагдсан үнэн бодит мэдлэгийг гадаад харилцаагаа бэхжүүлэх «зөөлөн хүч»-ний эх сурвалж болгон ашиглахын төлөө шийдвэр төгс байж, тууштай ажиллах эсэхээс шууд хамаарах болно.