Монгол түмний бахархан дээдэлж, хайрлан хүндэлдэг өв соёлын нэг бол үндэсний бөх. Зүлэг ногоон дэвжээг уран барилдаанаараа чимж, бөхөд хайртай түмнийхээ мэлмийг баясгаж, сэтгэлийг цэнгүүлж явсан хүчтэн олон бий. Монголчуудын бахархан хайрладаг бөхийн нэг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат гавьяат тамирчин, улсын гарди Пунцагийн Сүхбат агсан яахын аргагүй мөн. Тэрбээр үндэсний бөхийн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, хуйрнан шуугигч, хурц шаламгай чимэгтэй билээ. Түмний дунд “Том Сүхбат” хэмээн алдаршсан. 1980-1990-ээд оны үед чөлөөт болон үндэсний бөхөөр зодоглож амжилтаа ахиулж явсан гавьяа ч түүнийх. Тэр их амжилтын ард мэдээж эхнэрийн үүрэг, оролцоо их. Тэгвэл “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа улсын гарди П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэлийг урьсан юм. Ховорхон тохиох хувь заяаны эзний амьдралын сонирхолтой түүх, дурсамжаар зочилсноо хүргэе.
Волейболын спортын мастер
Д.Сарангэрэл Налайх дүүрэгт 1964 онд айлын дөрөв дэх охин болж мэндэлжээ. Тэрбээр хоёр эгч, нэг ахтай. Харин таван дүүтэй өнөр бүлтэй айлын охин. Түүний аав ээж Төв аймгийн гаралтай хүмүүс. Тэд уурхайчин мэргэжилтэй бөгөөд Налайхын уурхайд ажилладаг байжээ.
Д.Сарангэрэлийн хувьд багаасаа л спортод дуртай байсан нь тамирчин болоход нөлөөлсөн гэлтэй. Дөрөвдүгээр ангиасаа эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэсэн байна. Дунд сургуулийн сурагч байхдаа биерхүү өндөр охин байснаар гар бөмбөгөөр тууштай хичээллэж, улсын шигшээ багийн тамирчин болж амжилтын буухиа нь үргэлжилсэн аж.
Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцоно. 1984 онд зохион байгуулагдсан “Нөхөрлөл” тэмцээнд оролцож амжилт гаргаж байжээ. Мөн Азийн тэмцээнд оролцож байсан удаатай. Түүний спортоор хичээллэсэн цаг хугацаа, хичээл зүтгэл амжилтаараа 2021 онд олон улсын хэмжээний мастер цол хүртжээ. Багшийн их сургуулийг биеийн тамирын багшаар төгсөж нийслэлийн 20 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор сургуульд багшилсан. Мэргэжлээрээ ажиллахдаа ихэнх жилдээ Ирээдүй цогцолбор сургуульд шавь нар бэлдсэн байна. Багшлах хугацаандаа ч гар бөмбөгөө орхилгүй тэмцээн уралдаанд оролцсон гэдэг.
Амьдралын ханиа сонгосон нь
Волейболчин бүсгүйг амьдралын хань нь есдүгээр ангид байхад нь нэгэн тэмцээний үеэр олж харжээ. Тэд Налайх дүүрэгт нэг сургуульд суралцаж байж. Ингээд аравдугаар анги төгсөх жил нь П.Сүхбатын ээж нартаас буцжээ. Д.Сарангэрэлийг найзууд ээжийнх нь ажил явдалд дээр очихыг зөвлөсөн гэдэг. Тухайн үед түүнд өрөвдөх сэтгэл төрж ажил явдлынх нь дараа аав ээждээ танилцуулжээ. Хүүхэд шиг гэнэн цайлган зантай П.Сүхбатыг аав ээж нь ихэд дуртай хүлээн авсан байна. Д.Сарангэрэл 1982 онд Улаанбаатар хотод оюутан болсноор тэдний хамтын амьдрал эхэлжээ. Үүнээс хоёр жилийн дараа байртай болж, гал голомтоо бадраасан байна.
Тэд үргэлжлэл болсон хоёр сайхан үртэй. 1985 онд аав ээж болж охиноо өлгийдөн авчээ. Охиндоо нэр хайрлахдаа будаанд шигшихэд аавынх нь өгсөн С.Солонго хэмээх нэр таарч. Харин хоёр дахь хүүхдээ 1988 онд төрүүлсэн. Түүний хүү нь аавдаа улсын начин цолыг дагуулан иржээ. Гарьд хүүдээ С.Сэлэнгэ хэмээх алдрыг хайрласан. Тус нэрийг содон, гол мөрнийг бэлгэшээн өгсөн хэмээн тайлбарласан гэдэг.
Хүү охин хоёр аливаа зүйлийн утга учрыг мэддэг болсон хойноо ээжийгээ дагаад аавынхаа барилдааныг үздэг байсан аж. Спортын гэр бүлээс төрсөн үрс тамирчин болох магадлалтай. Гэвч хоёр үрийнхээ хүмүүжил төлөвшилд анхаарч. Харин ямар мэргэжилтэй болох, юу хийхийг нь өөрсдийн хүсэл сонирхлыг дагуулахаар шийджээ. Учир нь ижий аав нь спортын замналын жаргал зовлонг биеэрээ мэдэрч туулсан болохоор тэр биз. Өдгөө тэд өрхийн тэргүүн, айлын халамжит эцэгтэй болж, тус тусын амьдралаа залгуулж явна. Жил ирэх тусам ам бүл нь нэмэгдсээр гурван ач, зээтэй болжээ. Том охин Солонго нь дунд сургуулиа төгсөөд Америк руу сургуульд суралцахаар явсан байна. Өдгөө тэндээ ажиллаж амьдарч гурван хүүхдээ өсгөж байгаа. Харин хүү Сэлэнгэ нь сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэй ч бизнесийн салбарт ажиллаж байна.
Мартахын аргагүй наадам
Д.Сарангэрэлийн хань П.Сүхбат 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Түүнийг гурван настай байхад гэр бүл нь Налайх дүүрэгт шилжиж ирснээр бага насаа Налайх дүүрэгт өнгөрүүлсэн байна. Аав нь жолооч, ээж нь оёдолчин мэргэжилтэй.
Түүнийг чөлөөт бөхийн дэвжээнд хөтөлж оруулсан багш нь улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адьяатөмөр. 1981 онд чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авчээ. Түүний амжилт ингэж л эхэлсэн.
Дараа жил нь үндэсний бөхийн залуучуудын аварга болсон байна. Ингээд 1985 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд тав давж начин болжээ. Үүнээс цааш амжилт нь тасралтгүй үргэлжилсэн. Баруун талтай, баруун хөлд барьцтай, барьцгүй орох, зүүн сугадаж мушгих, тонгорох, хутгах мэхийг даацтай хийдэг хүчтэн байв. Харин чөлөөт бөхөөр ДАШТ-ний хүрэл медальтай, зуны олимпийн 4, 5 дугаар байрын шагналтай. Азийн наадмын аварга юм. Түүний амжилтыг үнэлж 1991 онд гавьяат тамирчин цолоор шагнасан байна. Чөлөөт бөхийн улсын долоон удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер. Д.Сарангэрэл “Ханийг минь эд барилдаж байх үед үндэсний бөхөд одоогийнх шиг дүрэм гараагүй байсан даа. Уламжлалаараа хөгжсөн үе гэж ойлгож болно. Бөхчүүдийн бие булчинлаг, түргэн шуурхай барилдаантай. Харин одоо бөхчүүд өргөн том биетэй байгаа нь барьц сонгодог дүрэмтэй холбоотой. Ханийнхаа барилдааныг үзэх их урамтай, хурдтай барилдана шүү” гэв.
Бөхийн гэргий Д.Сарангэрэлийн догдлол дүүрэн өдөр нь жил бүрийн наадмын өглөө. Эртлэн босож төрийн наадмын дэвжээнд зодоглох ханийнхаа хоол цайг хийж, хувцсыг нь бэлдэн Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих нь мартахын аргагүй дурсамжтай байснаа хэлж байв. Ханийнхаа барилдаан бүрийг хажууд дэмжиж үздэг. Харин бусад улс руу чөлөөт бөхийн тэмцээнд оролцоход нь зурагтаар харж дэмжинэ.
Амжилт гаргаад ирэхэд нь гэрээ цэвэрлээд, сэтгэлээ шингээн хийсэн хоол цайтай угтдаг байжээ. Ханийнхаа алдаа оноо амжилт бүхнийг хуваалцдаг байснаа тэрбээр дурссан юм. Цай сүүний дээжээ өргөж, ерөөлийн сайхныг хэлж, ар талыг нь найдвартай даадаг байжээ. Түүнээс хамгийн дурсамжтай наадмыг нь асуухад “Манай гэр бүлийн сэтгэлд тод үлдсэн наадам 1991 он. Хань минь төрийн наадамдаа одтой сайхан наадаж үзүүрлэсэн. Энэ үед Ардын хувьсгалын 70 жилийн ой тохиож байлаа. Б.Бат-Эрдэнэ аваргыг өвдөг шороодуулж үзүүр түрүүнд О.Балжиннямтай таарч тахим буулгасан. Энэ үед түрүүлэх боломж байсан. Наадмын дараа гэртээ ирээд ярихдаа “Барилдаж байхад толгой их өвдсөн. Хурдан барилдаан дуусаасай гэж бодсон. Гэхдээ би алдаа гаргаж, түрүүлчихсэн бол сайхан түүх болоод үлдэх байжээ” хэмээн ярьж байсан. Баярлаж, догдолж нулимстай үзсэн тэр жилийн их наадам сайхан. Гэхдээ хань минь энэ наадмаас арслан цолны болзол хангасан ч бөхийн холбооноос дүрэм өөрчлөгдсөн гэсэн шалтгаанаар өгөөгүй. Харин түрүүлсэн бөхөд аварга цол олгосон. Үнэхээр дүрмээ дагасан эсэх нь сонин” гэв. Санаандгүй алдаа гаргаж эсвэл санаатайгаар цолыг нь өгөөгүй нь гунигтай мэт. П.Сүхбат арслан цол олгоно гэж дотроо бодож, хүлээсэн гэдэг. Үүнийгээ илэрхийлэхдээ цээжиндээ арслангийн дүр шивүүлсэн нь бий. Халамжит ханиа, хайрт аавыгаа эхнэр хүүхдүүд нь тэнгэрээс хараад баярлана гэж бодоод цолыг нь нөхөж авахаар бичиг баримт бүрдүүлж, шүүхэд ханджээ. Шүүхээс цолыг нь олгохгүй байх үндэслэлгүй гэж үзсэн аж. Тус шүүхийн хариу нь хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн тамгын газарт очоод сураг тасарсан гэнэ. Тэд хариуг нь одоог хүртэл чих тавин хүлээдэг. Төрийн наадамд үзүүрлэсний дараахан Баянхонгор аймгийнхан үндэсний бөхийн холбооноос цолыг нь өгөхийг гуйсан удаатай. Бахархал болсон ханийнхаа нутгийн талаар “Баянхонгор аймгийнхан их цайлган хүмүүс. Ханьтайгаа хамт очиход ихэд хүндэтгэн дээдэлж хүлээж авна. Гэртээ урьж оруулах хүн их шүү. Магадгүй гэртээ оруулбал хийморь сүлд нь сэргэнэ хэмээн бэлгэшээдэг байсан болов уу” гэсэн юм.
Ханийнхаа зодог шуудгийг оёдог байжээ
Д.Сарангэрэл багаасаа үйлэнд уран байсан нь үр өгөөжөө өгсөн гэлтэй. Түүний хань нь анхны зодог шуудгаа л худалдаж авчээ. Бусад үед өмссөн бүхий л зодог шуудгийг хань нь оёсон гэдэг. Жил бүрийн наадмаар шинэ зодог шуудаг оёж өгөхдөө сайн барилдахыг сүсэглэн боддог байсан нь лавтай. Тэрбээр анхны зодог шуудгийн оёдлыг нь задалж, эсгүүрээ гаргасан. Материал их ховор худалдаална. Гадаад руу явсан хүмүүст цувны материал хэмээн захидаг байснаа ярив. Д.Сарангэрэл ханийнхаа төрийн наадмын зүлэг ногоон дэвжээнд тав давж начин болсон жил нь шинэ малгай оёж өгчээ. Будаг нь хатаагүй шинэхэн цэнхэр малгайгаа өмсөөд зодоглосон наадам амжилт дагуулсан гэдэг. Мөн бэлтгэлийн хувцсаа хийх цүнхийг оёж өгдөг байж. Үйлэнд уран авьяасаа “Хүнд тодорхой хэмжээний өгөгдөл байдаг. Үүнийгээ хөдөлмөрөөр хөгжүүлэх хэрэгтэй. Бага байхдаа ээжээрээ заалгаж өмдний туслах оёдлыг оёсон. Сайн оёсон гэж ээжээсээ магтаал сонсож урамшсан” гэв. Эрч хүч ундарсан залуу насандаа бүх зүйлийг хийж сурахын төлөө мэрийдэг байжээ. Хувцасны материал худалдаж аваад будганд оруулан өмд, куртик оёж “гангардаг” байснаа ярьсан юм. Тухайн үед загварлаг хувцас ховор байсан нь түүнийг үйлчин болгосон байж ч мэднэ. Европ загварын хувцас оёх нь их. Харин монгол дээл оёж байгаагүй аж. Дээлээ захиалж оёулдаг байсан. Дээлийн өнгөө сонгохдоо таалагдсан торго, даавуугаараа хийлгэж гангарна. Гардийн эдэлж хэрэглэж байсан малгай бүс, зодог шуудгийг нь хадгалдаг байна. Удам залгах хүү нь үргэлжлүүлэн хадгална гэдгийг Д.Сарангэрэл хэлэв.
Чадахгүй зүйлгүй хөдөлмөрч гэргий
Гарди П.Сүхбатын ид барилдаж байхад нь бөхчүүдийн эхнэртэй найзалж, ойр дотно нөхөрлөдөг байжээ. Эрхбаяр, Энхбаяр, Энхээ, Болормаа, Баярсайханы гэргий гээд тоочоод байвал дуусахгүй олон бүсгүйчүүдтэй найзалсан нөхөрлөл одоо ч үргэлжилсээр байгаа гэсэн. Нэгэн цаг үед Б.Бат-Эрдэнэ аваргынхтай нэгдүгээр хороололд ойр амьдарч байжээ. Тэд гэр бүлээрээ уулзаж, нэгнийхээрээ орж гардаг байсан аж. Бөхийн буян их шүү хэмээн ярих бүсгүйн харцнаас бусдын төлөөх сэтгэл харагдана. Түүний хань гэртээ бэлтгэлийн найз, дүү нараа дагуулж ирэх нь цөөнгүй. Тэдэнд Д.Сарангэрэл хоол цай хийж, гал тогоондоо завгүй өнждөг байснаа дурсав. Ажил амьдралаа хариуцлагатайгаар хослуулсан бөхийн үзэсгэлэнт гэргийгээр бахархаж байснаа нуух юун. Учир нь түүнд чадахгүй зүйл үгүй мэт. Ханийгаа өвдсөн эсвэл эмчилгээ хийлгэх шаардлага гарахад дусал хийж, үсчин хийж, тогооч, жолоочийг нь хийсэн түшигтэй, хөдөлмөрч бүсгүй ажээ. Хүний хийж буй зүйлийг хараад сурдаг чадвар нь сайн хань, ажилсаг бүсгүйг бүтээсэн биз.
Бэлтгэл болон барилдаангүй үедээ аавын үүргээ гүйцэтгэж, гэрийн ажлаас нь хийхийн сацуу хоол хийдэг байж. Улсын гарди П.Сүхбат 50 нас хүртлээ төрийн наадмын зүлэг ногоон дэвжээ, үзэгч олноо хүндэлж зодогложээ. Түүний унасан ч, давсан ч инээгээд тахимаа өгдөг байсныг дурсах бөх одоо ч олон. Тэр л зан нь суурь хүмүүжил, зан чанартай нь салшгүй холбоотой.
Хүн чанартайгаас гадна наргианч хүн байсныг түүний хань Д.Сарангэрэл хэлж байлаа. 2017 онд хамаатнууд, хүүтэйгээ Баянхонгор аймагт очиж алдрыг нь дуурсгах барилдаан зохион байгуулжээ. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглосноос Заг сумын харьяат улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж, Ховд аймгийн харьяат аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэсэн. Энэ үеэр гардийн нэгэн цаг үед өмсөж байсан далбаа шуудгийг Баянхонгор аймгийн музейд хадгалуулжээ. Ханиа өөд болсноос хойш дурсаагүй өдөр, бодоогүй цаг минут түүнд үгүй аж. Орон зай нь үгүйлэгдэж, хаалгаар ороод ирэх мэт санагддаг байснаа уртаар санаа алдан өгүүлнэ. “Эхний гурван жил итгэж чадахгүй амаргүй байсан. Цаг хугацаа аливааг эдгээдэг гэдэг үнэн юм билээ” хэмээн сэтгэлээ уудлах нь тэр.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл17
АРСЛАН ЦОЛЫГ НЬ НӨХӨН ОЛГООЧ ЭЭ МААНАГ ХҮРЭЛСҮХЭЭ 9 ДАВСАН ЖИНХЭНЭ АРСЛАН ШҮҮ СҮГСЭЛЗҮҮР ЧИНИЙ ДЭРГЭД БОЛ ХҮН ШИГ ХҮН, АРСЛАН ШИГ АРСЛАН ЯВСАН ЮМ
Хужаа Балхжавт Төрийн соёрхол өгснөөс хамаагүй эзнээ олсон шагнал болно доо
Ёстой жудагтай бөх байсан даа. бодох л хэрэгтэй юм даа
Сайн бөх байсан.Одоогийн явдаг жорлонгуудын дэргэд.
Уначихаад,,,,алгаа цохин,инээгээд,босоод ирж байгаа мөч нь нүдэнд харагдаад байдаг юмаа,,,,сайхан гүндүүгүй гэдэг нь энэ хүн л байсан байхдаа гэмээр,,,амьд сэрүүн байсан бол очоод,,, уулзаж, хөөрч үзмээр л сайхан хүний нэгэн байлаа,,,
Тэр арслан цолыг нь өгчихөөч Хүүрэн сүгээ !
Saihan boh
Энэ сайхан хүн авах ёстой цолоо биeн дээрээ нийлээд үүрд одсон үүнээс өөр юу байх вэ Одоо өгөх ёстой.
Энэ сайхан хүн авах ёстой цолоо биeн дээрээ нийлээд үүрд одсон үүнээс өөр юу байх вэ Одоо өгөх ёстой.
П.Сүхбат нас барчихсан бил үү?
Арслан цолыг өгөх нь зүйтэй шүү.
Ёстой сайхан сэтгэлтэй, жинхэнэ монгол бөх байж билээ, Төрийн наадамдаа олон удаа барилдсан мундаг бөх, цолыг нь яагаад өгдөггүй вм бэ! 70 жилээр үзүүрлэсэн өгөөчээ, бөхийн холбоо ажлаа хийгээч!!!
АРСЛАН ЦОЛЫГ НЬ ӨГӨӨСЭЙ ДӨӨ. ТЭНГЭРИЙН ОРНООС ХАРЖ БАЯРЛАНА ДАА.
Арслан цолыг нь өгөөсэй. Үр хүүхэд, хань нь ямар их баярлах бол доо
daan ch ungursun hund tsol ugduggui yum shuu dee.
Hezeech muuhai niderch tegnej darj unadaggui tseverhen barilddag buh bailaa
Ug n tegsh oin uzuurt gartsaagui l arslan tsol bh yostoi ! tuunees hoish uzuuriin 2 ch arslan turuu bizdee ? odoo gants turuulj avraga bolson Baljaa hurtel dayn boloh geed doog bolj yvaa ym bn . Ug n nuhuriig amid seruun bhd n tsoliig n uguh l yostoi bsn daa !