Намар хаяанд ирж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа дөхөхтэй зэрэгцэн Ардчилсан намынхан амь орцгоож, албан тушаал горьдсон фракцууд хоорондоо үзэлцэж эхлэв. Өнгөрсөн хугацаанд тэдэнд УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд хэрүүл тэмцэлгүй, нэг цул болж орсон түүх үгүй. Тиймдээ ч 2017 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад бүх шатны сонгуульд дараалан өвдөг шороодсон гашуун сургамж бий.
"Дотоод ардчилал" ярьдаг АН-ын сунгаанд ардчилсан соёл гэж алга. Хууль бус тохироо, царцаа нүүлгэх технологидоо гаршчихсан тэд ҮБХ-ны гишүүдээ шинэчлэхдээ УИХ-ын гишүүдээ жийж, жинхэнэ утгаар нь "жонхуу" хутгав. Намын ирээдүй болсон залуус нь хүртэл ах нарынхаа заавраар АЗХ-ны суудлаа булаацалдаж, анги дотроо алалцсаар.
Өнөөдрийг хүртэл энэ намын дотоод зөрчил, удирдлагын тогтворгүй байдал, хуучин лидерүүдийн эрх ашгийн тэмцлээсээ бүрэн салж чадсангүй. Энэ байдал нь олон нийтийн итгэлийг төрүүлж чадахгүй хэвээр байгааг удаа дараагийн судалгаа харуулсаар.
Намын шинэчлэл нь зөвхөн "Пиар" төдий, залуу үеэ дэмжих үйл явц нь хөрсөн дээрээ сул, зөвхөн имиж бүрдүүлэлт төдий байгааг сонгуулийн үр дүнгүүд харуулдаг. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн намын дотоод сонгууль. Намын дүрмийн шинэчлэлээр АН-ын дарга болон удирдах тодорхой түвшний сонгуульд өрсөлдөхөд “ҮБХ-нд 4-өөс доошгүй жил харьяалагдсан байх" гэсэн хатуу шалгуурыг тавьснаар 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад шинээр орж ирсэн нэр бүхий гишүүд бүдэрч байх жишээтэй.
Дотоод сонгуулийн тогтолцоо, дүрмийн хязгаарлалтуудад удаа дараа бүдэрсэн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Сүүлийн нэг жилийн хугацаанд Ардчилсан намын даргад үзэх гээд журмаар, Нийслэл, Дүүргийн намын даргад үзэх гээд дүрмээр, ҮБХ-д бодлогоор, сая намын Дэд даргаар томилох гэтэл бас л дүрмээр хасагдлаа. Шинэ залуу үеэ хашааны гадна үлдээх бодлого нэвт явжээ” хэмээн байр сууриа хатуухан илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас гадна Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл, Ө.Шижир, С.Цэнгүүн, Ц.Баатархүү тэргүүтнүүд Ардчилсан намын "хууччуул" буюу олон жил ноёрхсон фракцуудыг ил тод шүүмжилж, хүчтэй эсэргүүцсэнээр намын дотоод зодооны гал ширүүссээр байна.
Тэдний зөрчил зөвхөн сунгаанд ялагдсан явдлаас илүүтэй "Тохироо"-ны улс төр, дүрмийн дарангуйлал, бүлэглэлийн эсрэг чиглэж байгаа.
Намын удирдах зөвлөл, ордны хуйвалдааны эсрэг залуусын гаргаж буй тэмцлийг Э.Бат-Үүл зарчмын хувьд дэмждэг. Тэрээр Ардчилсан намыг сүүлийн жилүүдэд "ордны улс төр"-д хэт анхаарч, ард түмнээсээ холдсон, намын удирдлагууд Ардчилсан байхын утга учрыг ойлгохгүй байна, Улс төрийн гол хүч нь фракц биш, ард түмэн байх ёстой гэж удаа дараа шүүмжилж байсан.
Тэгвэл Ардчилсан намын өнөөгийн мухардал, дотоод зөрчлийн гол эхлэл нь тус намын дарга О.Цогтгэрэлийн чадамжгүй, улс төрийн мэдрэмжгүй үйлдлүүдтэй шууд холбоотой. Улс төрд ороод 30 тэрбум төгрөгөөр "шатсан" гэгддэг тэрбээр энэхүү санхүүгийн шархаа 2028 оны сонгуулийн намын жагсаалтыг 5 тэрбумаар наймаалцаж нөхөх нь гэх хардлага намын дунд шатанд хэдийнэ гарчээ. Ардчилсан намыг хувийн компани шигээ удирдах болсон гэж буруутгагдаж байгаа О.Цогтгэрэл, Л.Гантөмөрөөс тамгаа авахдаа "бүлгийн даргаа хүлээлгэж өгнө" гэж амласан ч өнөөдрийг хүртэл албан тушаал, суудалтайгаа зууралдсаар байна. Үүнээс харахад намын гишүүдийн дунд үүссэн хардлага оргүй зүйл ч биш бололтой.
Дэлхий нийтээрээ бүсээ чангалж, геополитикийн эрсдэлийг тооцож байхад АН-ын дарга О.Цогтгэрэл ганцаараа "гадаад зах зээлийн нөхцөл байдал түүхэнд байгаагүй таатай байна" хэмээн бодлогогүй мэдэгдэл хийж, сөрөг хүчний нэр хүндийг шавартай хутгаж орхив. Нам байтугай УИХ дахь бүлгээ ч зангидаж чадахгүй байгаа тэрбээр "Шинэчилье, бүтээе!" гэх популист уриа дэвшүүлж, хэвлэлээр сүржин мэдэгдэл хийгээд ч түүнийг тоож сонсох хүн алга.
Ирэх сонгуулиудад бэлтгэх, намын бодлого шийдвэрийг сайжруулах зорилгоор "Монголоо өөрчилье, Монголоо бүтээе" хөдөлгөөн өрнүүлж, салбар бүрийн 100 шийдэл гаргаж ажиллахаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч намын зарим гишүүд, дэмжигчид болон олон нийтийн зүгээс намын дотоод эв нэгдэл хангагдаагүй, хуучин нөлөө бүхий хүмүүсээс ангижраагүй байгааг шүүмжилсэн сэтгэгдэл, байр суурийг илэрхийлж байгаа бол иргэд гадаад болон дотоод нөхцлөөс шалгаалтсан эдийн засгийн хүндрэлд бухимдаж байгаа ч, засгийн эрхийг ардчилсан намд шилжүүллээ гэхэд үүссэн нөхцөл байдлыг яаж өөрчлөх, бодлогын гарц гаргалгаа санал болгож байгааг олж харахгүй байна.
Улс төрийн намын эв нэгдэл, гишүүдийн оролцоо, үзэл бодлын ялгаа нь удирдлагын шийдвэрээс шалтгаалан байнгын анхаарал татсан сэдэв байсаар ирсэн. Гэтэл Ардчилсан үзэлтэй байх учиртай намын дарга нь акцыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн УИХ-ын гишүүндээ хариуцлага тооцно гэж дайрч, залуу үедаа коммунист үзлээ тулгасаар.
Үе үе Засгийн газрыг унагаана гэж попорч, гарын үсэг цуглуулахаас цаашгүй АН-ын даргын жүжиг энд хүрээд төгсөх шиг.
Өнгөрсөн түүхэндээ нам дотроо л тэмцэлдэж, намын тамгаа булаацалдаж, төв талбайд өлсгөлөн зарлахаас өөр гялтайх үйлсгүй Ардчилсан намынхан өнөөдөр ч ухаан суусангүй, улс төрийн хувьд төлөвшсөнгүй. Товчхондоо, Ардчилсан намын 30 гаруй жилийн дотоод тэмцэл, хагарлын түүхийг нэгтгэн дүгнэвэл тэдэнд улс орноо удирдах нэгдсэн бодлого, ард түмнээ дагуулах үндэсний хэмжээний лидер алга. Өдгөө намыг толгойлж буй О.Цогтгэрэлийн өнөөгийн арга барил, зарчмаар цааш явбал Ардчилсан намын дотоод хямрал үүрд үргэлжлэх бололтой.
Б.Хичээнгүй
Лхагва - 08 сарын 26,
2026
Сэтгэгдэл2
АН нэг л биш ээ - Цогтгэрэл ч бүр биш . Даахин дор л эр байгаа ...
АН нэг л биш ээ - Цогтгэрэл ч бүр биш . Даахин дор л эр байгаа ...