sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр Их тэнгэрт өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, улс орны нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газраар дахин “тоглохгүй”, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн гэх мэдээлэл байна.

Хуралд Ерөнхий сайд Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон УИХ-ын 50 орчим гишүүн оролцжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнө нь улс төрийн өөр өөр байр суурьтай, “30”, “38” гэх зэргээр талцаж байсан гишүүд ч хуралд оролцсон байна.

Хурлын уур амьсгалаас харахад сүүлийн үед улс төрийн хүрээнд яригдах болсон Засгийн газрыг огцруулах асуудал МАН-ын бүлгийн хэмжээнд бодит дэмжлэг авахгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, сонгууль ойртсон энэ үед Засгийн газрыг дахин огцруулж, төрийн тогтворгүй байдал үүсгэх хүсэлтэй гишүүд олон биш байгаа аж.


Ерөнхий сайд Н.Учрал хурлын үеэр “энэ байтугайг туулсан хүний хувьд албан тушаалтай зууралдахгүй” гэсэн агуулгатай байр суурь илэрхийлсэн гэх. Үүнээс үзвэл тэрбээр Засгийн газар ганхах эсэх асуудалд хэт эмзэг хандахаас илүүтэй ажлаа үргэлжлүүлэх байр суурьтай байгаа бололтой.


Мөн эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн үед хийсэн хэд хэдэн судалгаагаар иргэдийн дунд “төр, засгаар дахин тоглох хэрэггүй”, “Н.Учрал ажлаа үргэлжлүүлсэн нь зөв” гэсэн байр суурь давамгай гарсан нь МАН-ын гишүүдийн шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болох аж.


Хурлаар яригдсан өөр нэг анхаарал татах асуудал нь бүлгийн гишүүд улс төрийн тогтвортой байдлыг хамгаалах байр сууриа баталгаажуулж, гарын үсэг зурахаар болсон гэх мэдээлэл юм.

Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, түлш шатахууны нийлүүлэлт, эдийн засгийн эрсдэл нэмэгдэж буй үед эрх баригч нам дотроо сандал суудлын тэмцэл өрнүүлэхгүй байх ёстой гэдэг дээр бүлэг, фракц харгалзахгүй санал нэгдсэн гэх. Уг ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хариуцан зохион байгуулахаар болсон тухай ч эх сурвалж мэдээлэв.


Хэрэв энэ мэдээлэл үнэн бол улс төрийн хувьд нэг сонирхолтой дүгнэлт хийж болохоор байна. Тодруулбал, өмнө нь Д.Амарбаясгалантай ойр гэж яригддаг УИХ-ын гишүүд ч Засгийн газрыг огцруулах бус, Н.Учралын Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах байр сууринд нэгдсэн гэсэн үг.


Гэхдээ дээрх мэдээллүүдийг МАН-ын бүлэг болон холбогдох албан тушаалтнууд одоогоор албан ёсоор дэлгэрэнгүй баталгаажуулаагүй тул улс төрийн хүрээний эх сурвалжийн мэдээлэл гэдгийг онцлох нь зүйтэй.


Нэг зүйл харин тодорхой. Сүүлийн жилүүдэд Засгийн газар солигдох бүрд төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, улс төрийн тэмцлийн зардлыг эцэст нь иргэд үүрч ирсэн. Тиймээс өнөөдөр иргэдэд эрх баригчдын ээлжит “их улс төр”, фракцын тийрэлцээнээс илүү тогтвортой төр, хариуцлагатай Засгийн газар хэрэгтэй байна.


Үнэхээр МАН-ын бүлэг энэ удаа “засаг төрөөрөө тоглохгүй” гэдэг дээрээ санал нэгдсэн бол тэр байр сууриа үгээр бус үйлдлээрээ харуулах л үлдлээ.



Б.Балжир