Прокурорын байгууллага Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зарим тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийг судалж, хэрэгжүүлэх ажил арга хэмжээг тодорхойлж байна.
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ 5.4 ХУВИАР ӨСЖЭЭ
Авлигын 1,464 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 76 буюу 5.4 хувиар өссөн байна.
Мөрдөн байцаалт явуулсан 321 хэргийн 44 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 111, хахууль авах, өгөх 63, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 5, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 5 хэрэг байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 238 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээг авсан.
МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ 2 ХУВИАР БУУРЧЭЭ
Мөнгө угаах 229 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 2 хувиар буурсан байна. Мөрдөн байцаалт явуулсан 52 хүнд холбогдох 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Өмчлөх эрхийн эсрэг 97, Авлигын эсрэг 53, Эдийн засгийн 38, Хүрээлэн буй орчны эсрэг 4 гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашиглаж мөнгө угаасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 51,4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 4,9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авсан.
ПРОКУРОР МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 505 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖЭЭ
Прокурорын байгууллагаас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 505 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оноос 323 буюу 56.3 хувиар өсжээ.
2026 онд нийт 297 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь өмнөх оноос 45 буюу 17.9 хувиар, мөрдөн байцаалт явуулсан 122 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь 26 буюу 27 хувиар тус тус өссөн байна.
Мөрдөн байцаалт явуулсан хэрэгт 297 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаснаас насны байдлыг авч үзвэл, 14-18 насны 6, 18-25 насны 82, 25-35 насны 140, 35-аас дээш насны 69, хүйсийн хувьд 250 нь эрэгтэй, 47 нь эмэгтэй хүн байна.
Боловсролын хувьд, 63 нь дээд, 9 нь тусгай дунд, 193 нь бүрэн буюу бүрэн бус дунд, 32 нь бага, боловсролгүй байгаа бол, 76 нь тодорхой эрхэлсэн ажилтай, 221 нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 13.8 ХУВИАР ӨСЖЭЭ
Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн 660 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсжээ. Мөрдөн байцаалт явуулсан хэргээс 76 хувь буюу 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Хууль бусаар мод бэлтгэх, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох төрлийн гэмт хэрэг нийт хэргийн 56 хувийг эзэлж байгаа бөгөөд дийлэнх нь Сэлэнгэ, Ховд, Төв, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ.
Шүүхэд шилжүүлсэн 194 хэргээс 88 буюу 45 хувь хууль бусаар мод бэлтгэх, 61 буюу 31 хувь нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 20 буюу 10 хувь нь хууль бусаар ан агнах, 8 буюу 4 хувь нь байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх, 3 буюу 1.5 хувь нь ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг тус тус эзэлж байна.
Прокурорын байгууллагаас 2026 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийсэн онцлох ажлуудаас:
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд дангаар болон хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлох, мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироож залилсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хэргийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Зохион байгуулалтын арга хэмжээ авснаас 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн, зэрэгцэн хяналт тавих прокурорыг томилох, дагнасан чиг үүрэгтэй мөрдөх байгууллагад хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох зэрэг арга хэмжээ авсан.
Цагдаагийн байгууллагатай хамтран хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, хүний эрхэд суурилсан, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьсан хандлагыг төлөвшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал–Хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулсан. Үүний үр дүнд Монгол Улсад хүний эрхэд суурилсан, хүүхдэд ээлтэй шударга ёсны тогтолцоог төлөвшүүлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасан.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэгт Прокурорын байгууллагын төлөөлөл ажиллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг “Арван зургаан насанд хүрээгүй хүнээс тусгай өрөөнд ярилцлагын аргаар мэдүүлэг авна. Мэдүүлэг авах ажиллагааг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэсэн зохицуулалт нэмж тусгуулан Улсын Их хурлаар батлагдсан.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийн байдалд дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг тогтоох, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор сүүлийн 5 жилийн байдлыг судалж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, нийтийн эрх ашгийг хамгаалах, хохирол нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлээд байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах үйлдлийг гэмт хэрэгт тооцох хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг судлах тандалт судалгаа”, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдлыг судлах” (2023, 2024, 2025 оны байдлаар), “Авлигын гэмт хэрэгт хамтран ажиллах этгээдээр тогтоох талаарх олон улсын болон гадаад улсын эрх зүйн зохицуулалтыг судлах” судалгааг тус тус хийсэн. Судалгааны дүнд үндэслэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах, мөрдөгч, прокурор, шүүгч, бусад хуульч, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Баасан - 07 сарын 10,
2026

Сэтгэгдэл1
Урвагч Элбэгдоржийг шоронд хий. Эсвэл урвагчийг шороонд булах зүрх зоригтой шударга хүү байгаа.