Дэлхийн засаглалын талаарх Хятадын үзэл баримтлал, санаачилга, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулах, олон улсын хамтын нийгэмлэгийн ойлголцол, зөвшилцлийг өргөн хүрээнд бүрдүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг илүү үр дүнтэй даван туулах, дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, илүү зохистой болгох зорилгоор Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба зургаадугаар сарын 17-нд “Дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, илүү зохистой болгох нь: Хятадын үзэл баримтлал, санаачилга ба үйл ажиллагаа” цагаан номыг нийтэллээ.
Цагаан номд онцлон тэмдэглэхдээ, дэлхийн засаглал нь хүн төрөлхтний сайн сайхан амьдралтай холбоотой нийтлэг үйл хэрэг бөгөөд шударга, зохистой дэлхийн засаглалын тогтолцоог байгуулах нь бүх улс орны ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл мөн. Хятад улс дэлхийн засаглалын идэвхтэй оролцогч, хувь нэмэр оруулагч, бүтээн байгуулагч байсаар ирсэн. Шинэ эрин үед Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах чухал үзэл санааг дэвшүүлж, зөвшилцөн хэлэлцэх, хамтран бүтээн байгуулах, хамтдаа үр шимийг хүртэх дэлхийн засаглалын үзэл баримтлалыг санаачлан, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэхийг уриалж, дэлхийн олон туйлт хөгжлийг эрх тэгш, эмх цэгцтэйгээр ахиулж, эдийн засгийн даяаршлыг хүртээмжтэй байдлаар хөгжүүлэхийг дэмжиж ирсэн гэжээ.
Түүнчлэн 2025 онд Ши Жиньпин Дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлсэн нь “Ямар дэлхийн засаглалын тогтолцоог байгуулах вэ, дэлхийн засаглалыг хэрхэн шинэчилж боловсронгуй болгох вэ” гэсэн цаг үеийн чухал асуултад Хятадын хариултыг өгсөн гэж цагаан номд дурдсан байна.
Цагаан номд тэмдэглэхдээ, Дэлхийн засаглалын санаачилга дэвшүүлэгдсэн даруйдаа 160 орчим улс орон болон олон улсын байгууллагын дэмжлэгийг авч, 60 гаруй улс “Дэлхийн засаглалын анд нөхдийн бүлэг”-т нэгдсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн үзэж буйгаар уг санаачилга нь олон талт үзлийг өндөрт өргөж, эв нэгдлийн хүчийг нэгтгэн, шударга ирээдүйг бүтээх тодорхой дохиог өгсөн бөгөөд олон улсын харилцааг ардчилах цаг үеийн чиг хандлагад нийцэж, олон талт үзлийг хэрэгжүүлэх итгэлийг бэхжүүлж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох бодит боломжтой замыг тодорхойлсон. Мөн дэлхийн тогтворгүй нөхцөл байдалд тогтвортой байдал, эерэг эрч хүч авчирсан гэжээ.
Цагаан номд онцлон тэмдэглэхдээ, Хятад улсын дэвшүүлсэн Дэлхийн засаглалын санаачилгын зорилго нь илүү шударга, илүү зохистой дэлхийн засаглалын тогтолцоог байгуулахад оршиж байна. Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь НҮБ-ын нэр хүнд, байр суурийг тууштай хамгаалах, их гүрнүүд хариуцлагаа ухамсарлан манлайлах, бүх улс орон эв нэгдэлтэй хамтран ажиллах, энх тайван болон хөгжлийн дутагдлыг арилгах явдал юм. Үүний тулд НҮБ-ыг төв болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд тулгуурласан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай хамгаалах ёстой болохоос биш, шинэ тогтолцоо шинээр бий болгох ёсгүй гэжээ.
20 мянга гаруй үсэг бүхий энэхүү цагаан ном нь оршил, төгсгөлийн хэсгээс гадна дараах таван бүлгээс бүрджээ. Үүнд:
Өнөөгийн дэлхий дахинд тулгарч буй ноцтой бөгөөд ээдрээтэй сорилтууд;
Дэлхийн засаглалын санаачилга нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаг үеийн хариулт болох нь;
Дэлхийн засаглалын үйл хэрэгт оруулж буй Хятадын хувь нэмэр;
Өөрчлөлт шинэчлэлийн чиг хандлагыг манлайлан, гэрэлт ирээдүй рүү тэмүүлэх нь;
Түүхэн хөгжлийн чухал үед хамтдаа урагшлах нь зэрэг болно.
Бямба - 06 сарын 20,
2026

Сэтгэгдэл0