Зургаадугаар сарын 15-нд Долоо дахь удаагийн Үндэстэн дамнасан корпорацуудын удирдагчдын Чиндаогийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Чиндаогийн Олон улсын хурлын төвд нээлтээ хийлээ.
Энэ удаагийн уулзалт “Үндэстэн дамнасан корпорацууд ба Хятад улс — ‘15 дугаар таван жилийн төлөвлөгөө’-тэй хамт шинэ ирээдүй рүү” сэдвийн хүрээнд болж байна. Хөтөлбөрт нээлтийн ёслол, үндсэн форум, уулзалт хэлэлцээ, салбар форум зэрэг гурван үндсэн хэсгийн хүрээнд 20 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн “Үндэстэн дамнасан корпорацууд Хятад улсад” судалгааны тайланг үргэлжлүүлэн нийтэлж, Хятадын “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний үеийн нээлттэй бодлого, зах зээлийн боломж, инновацын орчныг олон улсын бизнесийн хүрээнд танилцуулах юм. Үүний зэрэгцээ үндэстэн дамнасан корпорацуудыг Хятадын аж үйлдвэрийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ, инновацын сүлжээнд илүү гүнзгий нэгтгэж, Хятадын том зах зээлийн боломж, инновацын хөгжлийн үр өгөөж болон институцийн нээлттэй бодлогын өгөөжийг хамтдаа хүртэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.
Өмнөх зургаан удаагийн уулзалтаар бүрдүүлсэн өндөр түвшний оролцогчдын цар хүрээг үргэлжлүүлэн хадгалж, энэ удаагийн уулзалт “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд үндэстэн дамнасан корпорацуудын Хятад улстай хамтран ажиллах шинэ чиг хандлагад төвлөрчээ.
Энэ удаагийн уулзалтад дэлхийн 44 улс орон, бүс нутгийн үндэстэн дамнасан 357 корпорац оролцож байгаа бөгөөд үүнээс дэлхийн Топ-500 жагсаалтад багтдаг 105 компани, салбартаа тэргүүлэгч 252 аж ахуйн нэгж багтаж байна.
Түүнчлэн орчин үеийн үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд нийт оролцогчдын 20 хувийг эзэлж байгаа нь тус уулзалтын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Г.Бямба
Пүрэв - 06 сарын 18,
2026
Сэтгэгдэл0