2026 оны АНУ–Канад–Мексикийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ойртохын хэрээр“дэлхийн жижиг барааны нийслэл” гэгддэг И Ү хотын худалдаа улам идэвхжиж байна. Худалдаачдын мэдээлснээр, тэмцээнтэй холбоотой спортын өмсгөл, хөгжөөн дэмжигчдийн хэрэгслийн захиалга өмнөх удаагийнхаас 20-30 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгжийн захиалга 5 дахин нэмэгджээ.
Хятадын албан ёсны мэдээллээр, энэ оны эхний 5 сард Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 20.68 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өссөн байна. Үүнээс экспорт 11.91 их наяд юань болж 11.8 хувиар өссөн бол импорт 8.77 их наяд юань болж 20.5 хувиар нэмэгджээ. Сарын импорт, экспортын хэмжээ дараалан гурван сар 4 их наяд юаниас давсан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, үйлдвэрлэлийн иж бүрэн тогтолцоо, зах зээлийн олон талт бүтэц, худалдааг дэмжих бодлогын арга хэмжээнүүд нь гадаад худалдааны тогтвортой өсөлтийг хангажээ. Мөн Африкийн дипломат харилцаатай орнуудад хэрэгжүүлсэн тэг тарифын бодлого болон АПЕК-ийн “Хятадын жил” санаачилга эерэг нөлөө үзүүлсэн байна. Эхний 5 сард Хятад болон АПЕК-ийн бусад эдийн засгийн нэгжүүдийн импорт экспорт 17.4 хувиар өсч, нийт гадаад худалдааны бараг 60 хувийг бүрдүүлжээ.
Үүний зэрэгцээ Хятадын гадаад худалдааны бүтэц улам сайжирч, өндөр технологи, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өссөн байна. Цахилгаан автомашин, нарны эрчим хүчний хадгалалтын төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлттэй хэвээр байгаа бөгөөд эхний таван сард өндөр технологийн цахилгаан механик бүтээгдэхүүний экспорт 18.4 хувиар өсөж, хиймэл оюун ухаантай холбоотой бүтээгдэхүүний импорт, экспорт 50 гаруй хувиар нэмэгджээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар, дэлхийд борлуулагдаж буй 10 цахилгаан автомашины 6 нь Хятадын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн болно. Тухайлбал, BYD компанийн шинэ эрчим хүчний автомашины экспорт тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 80.7 хувиар өсжээ. Өмнөд Америкийн замын нөхцөлд тохирсон цахилгаан мотоцикл, Зүүн Өмнөд Азийн зах зээлд зориулсан нарны эрчим хүчний төхөөрөмж зэрэг “Хятадад үйлдвэрлэв” бүтээгдэхүүнүүд дэлхийн хэрэглэгчдийн олон талт эрэлт хэрэгцээг хангаж байна.
Хятад улс зөвхөн “дэлхийн үйлдвэр” төдийгүй “дэлхийн зах зээл” байхыг зорьж байна. Эхний таван сард импорт 20.5 хувиар өссөн нь экспорт болон нийт худалдааны өсөлтийн түвшнээс өндөр үзүүлэлт болсон байна. Энэ нь дотоодын эрэлт сэргэж, эдийн засгийн өсөлтийн дотоод хөдөлгөгч хүч нэмэгдэж байгааг харуулж байна.
“Арван тавдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд үйлдвэрлэлийн салбарын шинэчлэл эрчимжиж, тоног төхөөрөмж болон түүхий эдийн хэрэгцээг нэмэгдүүлжээ. Үүний зэрэгцээ Хятад улс нээлттэй бодлогоо үргэлжлүүлэн өргөжүүлж, хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцсаар байна. Тухайлбал, энэ оноос эхлэн олон бүс нутагт зохион байгуулагдсан “Том зах зээлийг хамтдаа хуваалцъя – Хятад руу экспортлох” цуврал арга хэмжээ нь дэлхийн чанартай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэхэд түлхэц болж байна.
Бямба - 06 сарын 13,
2026
Сэтгэгдэл0