sonin.mn

КИЕВ, 2026 оны тавдугаар сарын 12 /Reuters/. Украин улстай дрон нийлүүлэх чиглэлээр хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаагаа 20 орчим улс илэрхийлсэн бөгөөд одоогоор дөрвөн гэрээнд гарын үсэг зураад байна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт мэдэгдсэн байна. 


Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр Ираны дайн эхэлснээс хойш В.Зеленский дроны технологид хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Ойрх Дорнод болон Европын орнуудад хийсэн айлчлалынхаа үеэр хэд хэдэн чухал дипломат хэлэлцээг амжилттай хийж чаджээ.


“Одоогийн байдлаар 20 орчим улс хамтын ажиллагааны янз бүрийн шатанд оролцож байна. Дөрвөн гэрээнд хэдийн гарын үсэг зурсан бөгөөд эдгээр хэлэлцээрийн хүрээнд эхний  гэрээнүүдийг байгуулахаар бэлтгэж байна” гэж тэрбээр “X” нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.  Украин улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Герман, Норвег, Нидерланд улсуудтай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, дрон нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Үүний өмнө буюу гуравдугаар сарын сүүлчээр Саудын Араб, Катар болон Арабын Нэгдсэн Эмирт Улстай аюулгүй байдлын урт хугацааны түншлэлийн баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.


Мөн өнгөрсөн сард Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай батлан хамгаалах болон эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцсон байна. 


В.Зеленский “дроны дипломат бодлогоо" ашиглан Ойрх Дорнодын орнуудаас эрчим хүчний эх үүсвэрүүд нийлүүлэх гэрээ байгуулах, мөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох зах зээлийг тэлнэ хэмээн найдаж байна.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг