ХОНКОНГ, 2026 оны тавдугаар сарын 12 /Reuters/. Хятадад гэрлэлтээ бүртгүүлсэн хосуудын тоо энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеийхээс 6.2 хувиар буурсан нь 2017 оны түвшинтэй харьцуулахад даруй хоёр дахин бага үзүүлэлт болжээ.
Тус улсын Иргэний хэрэг эрхлэх яамнаас мэдээлснээр, энэ оны эхний улиралд 1.697 сая хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Эдгээр тоо баримт нь Хятадын хүн ам зүйн асуудал улам гүнзгийрч буйг харуулж байна.
Тус улсын хүн ам 2025 онд дөрөв дэх жилдээ дараалан буурч, төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрсэн бөгөөд хүн ам цаашид ч үргэлжлэн буурах төлөвтэй байгааг хүн ам зүйчид анхааруулж байв. Хятадад хосууд уламжлалт ёс заншил болон засаг захиргааны журмын дагуу гэрлэснийхээ дараа хүүхэдтэй болдог бөгөөд зарим тохиолдолд хүүхдийн бүртгэл, нийгмийн халамжид хамрагдах нь гэрлэлтийн гэрчилгээтэй шууд холбоотой байдаг аж.
Хятадад хосууд гэрлэснийхээ дараа хүүхэдтэй болдог уламжлалтай. Энэ нь ёс заншилтай холбоотойгоос гадна төрөлтийг бүртгүүлэх, халамж тэтгэмж авах зэргийг гэрлэлтийн гэрчилгээтэй холбож өгдөг засаг захиргааны журмуудтай холбоотой.
Тус улсын эрх баригчид гэрлэлт, төрөлтийг дэмжих зорилгоор гэр бүлүүдэд тэтгэмж олгох, хүүхэд асрах үйлчилгээг сайжруулах, төрөх үеийн эмнэлгийн зардлыг бууруулах зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл0