sonin.mn

ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР

1955 - 2026


Гал морин жилийн хаврын адаг хар луу сарын хуучдаар Монголын орчин үеийн утга зохиол, яруу найраг, дууны урлагийн хөгжилд өөрийн онцгой шинж төрх байр сууриа тодотгосон даруухан мишээлт нэгэн яруу найрагч Монголоороо гоёж амьдарсаар насан судрын шоголоо хураалаа.


Монголын утга зохиол, дууны урлагийн ертөнцөд хүний сэтгэлийн хамгийн зөөлөн хөгийг алдаршуулагч яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын шүлгүүдэд Монгол хүний дотоод ертөнц амьдардаг байсан. Эхийн хайр, нутгийн бараа, борооны дараах өвсний үнэр, нутгийн салхины намуухан исгэрээ амьдралын гуниг, хэлж амжаагүй энэрэл, буцаж ирдэггүй залуу нас, бусдыг өрөвдөх асрангуй сэтгэлийн тухай уран бүтээлүүд нь дурдатган сануулсаар уншигч, сонсогч бидний дунд түүнийг амьдруулах болно.


Тэр зөвхөн яруу найрагч биш, олон хүний зүрхэнд дурсамж болон үлдсэн эгэл аав, эрхэм нөхөр, эрдэмт ах байлаа. Түүний асрангуй сэтгэлээс амилсан дуунууд нь аян замын урт, монгол айл бүрийн хойморт эгшиглэж, хүний амьдралын баяр, гуниг, учрал, хагацал бүрд түшиг тайвшрал нь байдаг.


Өнөөдөр Монголын яруу найраг нэгэн асрангуй сэтгэлт, уянгын хөг аястай ханхүүгээ тэнгэрт нь үдэж байна.


Талын салхи түүний шүлгийг Монголчуудын сэтгэлд шивнэж,

тэнгэр дор монгол хэлээр ярилцсаар байх цагт Шагдарсүрэнгийн Гүрбазарын нэр төр мартагдахгүй.


Асрангуй сэтгэлийн ханхүү,

Эрхэм ах минь,

Монголоороо бид гоёно.

Бид Монголоо гоё болгоно.

Аян замдаа саадгүй сайн яваарай.

Сайн төрлөө саадгүй олох болтугай.


"HERO ENTERTAINMENT GROUP" ХХК