sonin.mn

Агуу их Ялалтын өмнөх аймшигт эмгэнэлт явдал. Британийн нисэх хүчин 1945 оны тавдугаар сарын 3-нд Балтийн тэнгист Германы төвлөрүүлэн хорих лагерийн хоригдлуудыг тээвэрлэж явсан гурван хөлгийг хайр найргүйгээр довтолж устгасан. Янз бүрийн эх сурвалжийн тооцоолсноор 7-12 мянган хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дийлэнх нь Зөвлөлтийн цэргийн олзлогдогсод байсан юм. 

Үйлдсэн гэмт хэргийнхээ ул мөрийг нуухын тулд Гиммлер хорих лагериудыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг тушаасан. Штуттхоф, Нойенгамм, Миттельбау-Дора лагерийн хоригдлуудыг тавдугаар сарын 2-нд барж буюу ачааны усан онгоцуудад ачиж, Любеккийн булан дахь онгоцууд руу хүргэн улмаар тэнгис рүү гаргасан байдаг. 


Германы командлал уг цувааны талаар Улаан загалмайн төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдсэн. Тэд энэ мэдээллийг тухайн бүс нутагт довтолж байсан Британийн генерал Жорж Робертст дамжуулсан ч ямар нэг шалтгаанаар энэ мэдээ Агаарын цэргийн хүчний нисгэгчдэд хүрээгүй байна.


Үд дунд гэхэд Нойштадт хот бууж өгсөн боловч эргээс зургаан километрийн зайд байсан хөлгүүдийг тэд бай гэж үзсээр байв. Бөмбөгдөлт эхлэхэд эсэсийнхэн цагаан тугаа өргөсөн хэдий ч хоригдлууд цамцаараа даллан амь гуйж дохио өгсөөр байлаа.

“Английн нисгэгчид харгис хэрцгийгээрээ фашистуудаас огт ялгарахгүй” хэмээн уг үйл явдлын гэрч Василий Саломаткин хожим нь дурссан.


Цөөхөн хүн амьд гарсан, ойролцоогоор 300 орчим нь эрэгт хүрч чадсан ч тэнд тэднийг “холбоотнууд”-ын хүйтэн, ёс суртахуунгүй угталт хүлээж байв.


Гэрчүүдийн мэдүүлгээс:

“Англичууд хот руу Германы олзлогдогсдыг оруулж ирсэн бөгөөд тэд чөлөөтэй явж, бидэн рүү дайрч байсан. Биднийг гомдол гаргахад комендант өмнөөс ёжтой мушилзахаас өөрийг хийгээгүй. Тусламж авч чадаагүй тул бид лагерь руугаа буцаж, хүмүүстээ өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэг хайхыг уриалсан.”


Эдгээр баримтыг амьд үлдсэн өөр 14 хүн мөн баталсан бөгөөд 1949 онд уг үйл явдлын үнэн бодит байдлыг ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах яам (МГБ)-наас албан ёсоор баримтжуулсан байна.

Британийн командлал энэ хэрэг явдлын талаар олон арван жилийн турш дуугүй байж, бүгдийг “дайны манан” хэмээн тайлбарлаж ирсэн. Гэвч цагаан туг өргөсөн хойно буудуулсан, эсвэл эрэг дээрх хайхрамжгүй байдалтай нүүр тулсан хүмүүсийн хувьд энэ бол үнэн бодит явдал юм.



ОХУ-ын ЭСЯ бэлтгэв