sonin.mn

Хүмүүн төрөлхтний түүхийн мянга мянган жилийн их урсгал дунд олон гайхамшигт сод мэргэд, суут ухаантнууд төрж тодорч, билиг ухаан, бичиг сургаалаараа үе үеийг соён гэгээрүүлж, баларшгүй ул мөрөө үлдээсээр иржээ. Германы түүхч, философич Карл Ясперс бүтээлдээ НОТӨ 800-200 оны үеийг “Тэнхлэгийн үе” хэмээн нэрлэж, энэ эрин үед Хятад, Энэтхэг, Перс, Палестин, Герегт хүн төрөлхтний оюун санааны эх үндэс нэгэн зэрэг цэцэглэж, аугаа их гүн ухаантнууд төрөн гарсан тухай дурдсан байдаг. Тэр цаг үед Хятадад Лаоз, Күнз, Сүнз, Мэнз, Жуанз зэрэг олон гүн ухаантан мэндэлжээ. Лаозыг 50 орчим настай байх үед зүүн Жоу улс дотоодын үймээн самуунаас болж сулран доройтсоор, мөд удахгүй мөхөж сүйрэхийг нь угтан харж мэдэрсэн Лаоз албаа орхин, баруун зүгт явж, Ханьгугуан хэмээх боомт хүрэхүйд, боомтын захирагч Инь Ши хэмээгч Лаозид хандан: “Та далд газар бүгэн суухаар одох ажгуу. Нэгэн ном бүтээж үлдээх буюу” хэмээхүйд, Лаоз хоёр дэвтэр ном айлдаж, тийнхүү 5000 гаруй үсэг бүхий хожмын хосгүй алдарт бүтээл “ЛАОЗ-ДАО ДӨ ЖИН” бүтсэн хэмээх түүхтэй бөлгөө. Ном бүтсэний хойно Лаоз салж одсон агаад “Түүний хувь заяа хэрхэн төгссөнийг хэн ч үл мэдэх” ажгуу. Тийнхүү ор сураггүй алсад одохдоо үхэр унаж явсан хэмээх домог түүхтэй агаад хожмын үе үеийн зураачдын бүтээлийн нэг гол сэдэв нь “Лаозын үхэр унасан хөрөг” байсаар ирсэн нь ийм учиртай ажээ.


“ЛАОЗ-ДАО ДӨ ЖИН” болбоос Хятадын гүн ухааны түүхэн дэх хамгийн анхны гүн ухааны иж бүрэн систем бүхий алдартай бүтээл бөгөөд Лаозын сургаалыг орчлон ертөнцийн үзэл, хүний оршин амьдрахуйн үзэл, нийгэм улс төрийн үзлийг багтаасан гүн ухаан хэмээн үздэг. Лаозын гүн ухааны сэтгэлгээ нь дараа дараагийн үе үеийн сэтгэгчдийн гүн ухааны сэтгэлгээнд гүнзгий нөлөө үзүүлсэн бөгөөд Хятадын зарим эрдэмтэд Лаозын гүн ухааны сэтгэлгээ болбоос Хятадын эртний гүн ухааны сэтгэлгээний “Гол ноён нуруу” хэмээн тэмдэглэсэн байдаг.


Лаозын гүн ухааны сэтгэлгээний онолын үндэс нь “Дао” хийгээд “Дө” ажээ. Дао () хэмээх ханз нь “шоу” буюу “эх, тэргүүн”, “зоу” буюу “явах, хөдлөх” гэсэн хоёр утгат хэсгээс бүтнэ. Энэхүү хоёр утгат хэсгийг нэгэн биед нийлүүлбээс “хүмүүний явах зам” буюу “зам мөр” хэмээх утгыг илэрхийлнэ.


Хүмүүн аль нэгэн газраас нөгөө газар хүрэхийн тулд ямар нэгэн замаар явах агаад эс тэгвээс хүрэх нь үгүй. Түмэн бодис, түүний дотор хүмүүн ямарваа нэгэн зорилгод хүрэхийн тулд мөнхүү нэгэн адил ямарваа нэгэн зүй тогтол, жаяг зарчим, жам ёсыг даган баримтлах ёстой агаад эс тэгвээс бүтэх нь үгүй. Тиймээс Лаоз “Зам” хэмээх тэрхүү үгийг “Зүй тогтол”, “Жаяг зарчим”, “Жам ёс” хэмээсэн утгаар хэрэглэж, “Дао” хэмээх үг нь тэнгэр газрын бүхий л юмсын зүй тогтол, жаяг зарчмыг заасан ерөнхий нэр болсон гэж үздэг ажээ. Дао болбоос бүхий л зүй тогтлын ерөнхий нэршил агаад бүхэл цогц, объектив оршдог, харин Дө болбоос тодорхой юмсын зүй тогтол, уг чанар агаад хэсэг тусгаар, субъектив оршдог хэмээн үздэг ажээ. Тиймийн учир Дө болбоос Дао-гаас үүсэлтэй, энэ хоёр нь харилцан нэгдэлтэй оршдог хэмээнэ.


Дао хэмээх үг нь чингэж “Орчлон ертөнцийн зүй тогтол”, “Хүмүүний амьдралын сайн муу, жаргал зовлонгийн жам ёс” хэмээх утгыг илэрхийлэх болжээ.


Үүнийг гүн ухааны үүднээс тайлбаас “Тэнгэрийн ёс, хүмүүний жам” хэмээсэн үг юм. Лаоз чингэж Хятадын гүн ухааны түүхэнд анх удаа “Дао” хэмээх үгийг гүн ухааны хамгийн дээд ай ухагдахуун болгон дэвшүүлж, “Дао” болбоос тэнгэр газрын “Эх үндэс”, түмэн бодисын “Зүй тогтол” нь хэмээн үзсэн ажгуу. Лаоз болбоос Хятад улсын түүхэнд байгаль, нийгэм, хүмүүний асуудлыг орчлон ертөнцийн тухай үзлийн үүднээс хамгийн анх дээд зэргээр нягтлан шинжилсэн аугаа их сэтгэгч хэмээдэг. Тэрбээр орчлон ертөнцийн оршин буй түмэн бодисыг ажиглан шинжих, эдүгээгээс эртнийхийг магадлах, эртнийхээс улбаалан эдүгээг тайлбарлах сэтгэлгээний арга дор тулгуурлан, орчлон ертөнцийн тухай өөрийн шинэ үзэл, тухайлбал, “Дао” хэмээх гол цөм бүхий орчлон ертөнцийн уг язгуур, эх үүслийн тухай үзлийг дэвшүүлж, улмаар орчлон ертөнцийн уг язгуур, эх үүслийн тухай хоёр чухал үзэл санаа дэвшүүлжээ.


Энэ нь: нэгд, “Тэнгэрийн дор түмэн бодис нь “Буйгаас” бүтмүй, “Буй” нь “Үгүй”-гээс бүтмүйхоёрт, “Дао нэгийг төрүүлмүй, нэг нь хоёрыг, хоёр нь гурвыг, гурав нь түмэн бодисыг төрүүлмүй. Түмэн бодис нь билгийг тээж, аргыг багтаах агаад хий амьсгал зохирон нийлмүй” хэмээн сургажээ. Лаоз үзэхдээ, орчлон ертөнцөд нэгэн эхлэл, нэгэн эх үүдэл буй, тэрхүү эхлэл нь хэлбэр, дүрс бүхий тодорхой оршин байгаа юмс буюу “Буй” хэрхэвч биш, харин “Буй” лугаа эсрэгцэн байгаа хэлбэр, дүрсгүй “Үгүй” хэмээжүхүй. Лаозын гүн ухааны сэтгэлгээний туйлын чухал нэг агуулга болбоос эс үйлдэхүй үзэл санаа юм. Эс үйлдэхүй болбоос орчлон ертөнцийн уг язгуур---“Дао”-гийн үндсэн жам ёсон, Даогийн Дө чанарын гол агуулга хэмээнэ.


Лаоз өгүүлэхдээ: “Хүмүүн газрыг дагамуй, газар тэнгэрийг дагамуй, тэнгэр Дао-г дагамуй, Дао байгалийг дагамуй” хэмээжүхүй. Энд өгүүлсэн “Байгаль” хэмээхүй нь “Эс үйлдэхүй”-г заасан ажээ. “Эс үйлдэхүй” хэмээгч нь зорилго үгүй, ухамсар үгүй, үйлдэл үгүй, хүсэл шунал үгүй болохыг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл “Дао” болбоос эс үйлдэхүй бээр дур зоргоор нь орхихыг хэлэх ажгуу. Чухамдаа Дао эс үйлдэх учраас түмэн бодис сая аяндаа өсөж, урган төлжиж байдаг ажээ. Тиймийн учир Дао болбоос эс үйлдэх атлаа бүхнийг үйлдэж чадах (Эс үйлдэхүй нь бас үгүй) ажээ.


Лаоз “Тиймийн учир богд мэргэн хүмүүний өгүүлсэн нь: “Миний бие эс үйлдэхүй аваас, иргэн олон өөрийн эрхээр баймуй. Миний бие тайван амарлингуй аваас иргэн олон төв тэгш болмуй.” “Богд мэргэн хүмүүн эс үйлдэхүй бээр хэрэг үйлийг гүйцэлдүүлж, үг үгүй бээр сургаал номлолыг үйлдмүй” гэхчлэн өгүүлжээ. Нийгэм, улс төр, улсыг засахуй үзлийн тухайд, Лаоз “Их улсыг засахуй нь өчүүхэн жижиг загас жарамгай чанах лугаа адил” хэмээн сургажээ. Өчүүхэн загас жараахай шарахуй дор, “Хольж хутгаж үл болмуй, хольж хутгаваас загас жарамгай бутарч салмуй”, “Их улсыг засахуй дор эс үйлдэхүй болой, үйлдэхүй аваас иргэн олныг түйвээмүй” хэмээн сургажээ. Иргэн олны оюун ухаан хэтийдвээс улсыг засан тохинуулахуй дор бэрх болох учиртай хэмээн Лаоз номлож байжээ. “Иргэн олныг засахуй дор бэрх болохуй нь тэдний оюун ухаан ихэдсэний шалтгаан болой. Тиймийн учир оюун ухаанаар улсыг засваас улс дор гай гамшиг болмуй, оюун ухаанаар улсыг эс засваас улс дор зол жаргал болмуй. Энэ хоёрыг мэдэхүй нь улсыг засахуйн жаяг журам болой” хэмээжүхүй.


Лаозын улсыг засах номлолын гол цөм нь “Байгаль ертөнцийн жамыг дагах”, “Эс үйлдэхүй бээр засах” явдал бөгөөд “Улс нь жижиг, хүмүүс нь цөөн” тийм нийгэм буй болгохыг мөрөөдөж байжээ. Төр улс “Үймээн самуунтай”, түүнийг “Засахуй дор бэрх болохуйн” нэг гол шалтгаан бол “Цэцэд мэргэд” олширсон явдал хэмээн үзэж байжээ.


Лаозын үзлээр эрт цагийн хүмүүс үнэнч шударгуу хийгээд эрдэм мэдлэггүй байсны үрээр зальхай хуурмаг үгүй байж. Хожим нь иргэн олныг эрхшээн засахдаа оюун ухаанаар дэг журам, хууль цааз буй болгож, түүнийг дагалдан зальхай хуурмаг буй болсны учир “Оюун ухааныг огоорохыг” чухалчилж байсан ажгуу. Тиймээс оюун ухаан болбоос хор хөнөөлийн эх үндэс хэмээн үзэж, “Мэргэнийг огоорч, цэцнийг гээвээс, иргэн олон дор зуу дахин тустай, өршөөлийг огоорч, журмыг гээвээс, иргэн олон дахин ачлалтай болмуй, уран залийг огоорч, олз ашгийг гээвээс, хулгай дээрэм үгүй болмуй” хэмээн өгүүлжээ. “Мэргэдийг эс дээдлэх аваас иргэн олон тэмцэлдэхүй нь үгүй” хэмээсэн нь бас буй. Лаоз өөрийн туйлын хүслэн болсон нийгмийг “Улс нь жижиг, иргэн нь цөөн”, “Зэр зэвсэг байвч, хэрэглэх нь үгүй”, “Бичиг үсэг үгүй”, “Хөрш ханлиг улстай эс харилцдаг” байх ёстой хэмээн сургаж, дараах байдлаар дүрслэн өгүүлсэн байна. “Улс нь жижиг, иргэн нь цөөн буюу. Элдэв зүйлийн зэр зэвсэг байвч, хэрэглэхүй нь үгүй. Иргэн олон үхэхүй хэрэгт төв чанга хандавч, алс хол нүүж одохуй нь үгүй. Завь онгоц, тэрэг хөсөг байвч, хөлөглөхүй нь үгүй. Хуяг дуулга, зэр зэвсэг байвч, сүр хүчийг нь үзүүлэхүй нь үгүй. Эрт цагийн дээс зангидаж хэрэг үйлийг тэмдэглэдэг цаг үе дор иргэн олныг буцаан оруулъюу” хэмээн сургажээ. Лаозын нийгэм улс төрийн үзлийг дараах гурван зүйлээр хураангуйлж болно хэмээн үздэг байна.


Энэ нь: “Голч төв ёсоор улсыг засахуй, гайхам арга мэхээр цэргийг хэрэглэхүй, хэрэг үйлийг эс үйлдэхүй бээр тэнгэрийн дор бүхүйг олохуй” юм. Тэрбээр “Тэнгэрийн дор хориг цээр ихэдвээс, иргэн олон улам хоосорч ядуурах, иргэн олон дор хурц зэвсэг ихэдвээс, улс гэр улам үймж самуурах, иргэн олон дор ур чадвар ихэдвээс, этгээд хачин юмс улам элбэгшиж олшрох, хууль цааз ихэдвээс, хулгай зэлгий гаарах” хэмээн өгүүлжээ.


Улсыг засахуй дор иргэн олон ямар байваас зохилтой буй хэмээвээс: “Тиймийн учир иргэн олон дор оршин ахуй газар байваас зохих агаад тэр болбоос: уг байрандаа эгэж, эгэл борогжуун байх, хувийн шунал хүслээ хумьж хязгаарлах, сурахуйг огоорч, сэтгэл зовнил үгүй байх бөлгөө” хэмээн өгүүлжээ.


Лаозын гүн ухааны сэтгэлгээ нь ихээхэн диалектик шинжтэй. Тэрбээр хүмүүний ертөнцийн аливаа ойлголт ухагдахуун, дүгнэлт гаргалгаа, үнэ цэн бүгд харилцан эсрэгцсэн, харилцан эсрэг тэсрэгийн үрээр үүсэн буй болж, харилцан шүтэлцэн оршин тогтдог хэмээн үзжээ. Буй хийгээд үгүй, дээд хийгээд доорд, өмнө хийгээд хойно, сайн хийгээд муу, сайхан сэтгэл хийгээд муу санаа гэхчлэн ертөнцийн хэрэг явдал бүгд харилцан эсрэгцлийн үрээр илэрч тодордгийг танин мэдэж, “Эс үйлдэхүй” хийгээд “Эс үйлдэхүй нь үгүй” (бүхнийг үйлдэж чадах) учрыг номлосон ажээ. Түүнчлэн шүд хамгийн хатуу, хэл хамгийн зөөлөн боловч цагийн эрхээр хүмүүн өтлөхүйд шүд унаж, хэл үлдэх, өндөр хийгээд нам хэмээхүй нь харилцан эсрэгцэн орших, зэр зэвсэг хурц боловч өлзий бус, хүмүүн төрөлтөн ухаант мэргэн боловч тэнгэрийн доор түйвээн самуунтай орших, тиймийн учир мэргэн хүмүүн болбоос “Үгүй”-гийн үүднээс ертөнцийн хэрэг үйлийг засаж шийдвээс зохилтойг сургажээ. “Муруйгаас бүтэн болмуй, тахираас шулуун болмуй, дундуураас дүүрэн болмуй, хуучнаас шинэ болмуй, бага авбаас ихийг олмуй, их шунаваас төөрөлдмүй. Тиймийн учир богд мэргэн хүмүүн тэрхүү ёсыг сахин, тэнгэрийн дор үлгэр болгомуй. Өөрийн биеийг эс илтгэхүл гэгээн болмуй, өөрийн биеийг эс нотлохул, алдар болмуй, өөрийн биеийг эс гайхуулахул, гавьяа болмуй, өөрийн биеийг эс өргөхүл, дээд болмуй”хэмээн өгүүлжээ. Мэргэн хүмүүн даруу номхныг сахиж, бусадтай эс тэрсэлдэх тул түүнтэй тэрсэлдэх хүмүүн тэнгэрийн дор үгүй нь их үндэст мод өвс ногооноос илүү бат бэх боловч их салхи хөдлөхүйд өвс ногоо үл ажрах, харин их мод үндэснээсээ салж унах агаад тэнгэрийн салхи хэлбэргүй, биегүй атал тийнхүү их модыг унаган чадах, байгалийн гол усан уян зөөлөн атлаа уул хөндийг нэвтлэн урсан одох, усны дусал унан унасаар хамгийн хатуу хад чулууг ч элээж чадах, үер усан хана хэрмийг нурааж, хот балгадыг ч живүүлж чадах. Лаоз тийнхүү усны уян зөөлөн чанарыг Дао-гийн жам ёстой холбон зүйрлэжээ. Усны уян зөөлөн хийгээд үл тасалдах чанар, дотоод эрчим, ямар ч хатуу хүч түүнийг орлож эс чадах чанарыг онцолсон байна.


“Тэнгэрийн дор туйлын зөөлөн нь тэнгэрийн дор туйлын хатуугаа дийлдэг. Хэлбэр дүрс үгүй хүч хичнээн зай завсар үгүй ч нэвтэлдэг. Миний бие тийнхүү “Эс үйлдэхүй”-н ач тусыг мэдэв.”


“Үг үгүй” сургаал, “Эс үйлдэхүй” ач тус, энэ хоёрыг тэнгэрийн дор гүйцэлдүүлэхүй нь нэн ховор бөлгөө” хэмээсэн нь чухамдаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт нэвтрэх оролдлого, юмс үзэгдлийн хувьсан өөрчлөгдөх диалектик зүй тогтлыг номлосон сургаал хэмээн үздэг. Лаоз юмс үзэгдлийн хувирч өөрчлөгддөг диалектикийг олж харсан төдийгүй тоо чанарын харилцан зүй тогтлын тухай номлосон нь буй. “Тэвэр дүүрэн бүдүүн мод туяхан жижиг нахианаас ургамуй, есөн давхар өндөр суварга ер хэсэгхэн шорооноос бүтмүй. Мянган газрын холын аян мөнхүү өлмий доорх эхний алхмаас эхэлмүй. “Их болбоос багаас төрдөг, олон болбоос цөөнөөс бүтдэг. Занал хорслыг Дө-гөөр хариулмуй. Хүчир бэрхийг шийдсүгэй хэмээхүл, хөнгөн хялбараас нь эхэлмүй, их үйлийг бүтээсүгэй хэмээхүл, эгэл багаас нь эхэлмүй. Тэнгэрийн дор хүчир бэрх үйлийг хөнгөн хялбараас нь эхлэн хиймүй, тэнгэрийн дор их хэрэг үйлийг энгийн багаас нь эхлэн хиймүй. Тийнхүү богд мэргэн хүмүүн хэзээд их хэргийг эс үйлдэхийн учир их хэргийг бүтээж чадмуй” гэхчлэн номложээ. Энд өгүүлсэн хүнд бэрх хийгээд хөнгөн хялбар, аварга том хийгээд өчүүхэн бага хэмээхүй нь чанарын тухайд өгүүлсэн хэрэг бөгөөд Даогийн ёс болбоос аливаа үйлийг бүтээхүйд эсрэг талаас, өөрөөр хэлбэл сул, дутмаг талаас нь эхлэн үйлдэхийг номлодог байна.


“Ханахыг эс мэдэхээс илүү их гай гамшиг гэж үгүй, олохуй дор шунахаас илүү их гэм нүгэл гэж үгүй” хэмээсэн нь улсыг засахуйд “Үгүй”-г эс бариваас засаж эс чадах, алив хүмүүн ханах аваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтохын учрыг номлосон нь энэ юм.


Алив хүмүүн алт мөнгө, үнэт эрдэнэ зэрэгт ихэд шунан, “Буй” хийгээд “Үгүй”, “Их” хийгээд “Бага”-ыг эн тэргүүнд чухалчлан, эс ханах аваас их гай гамшиг аяндаа үүсдэг хэмээнэ. Тиймийн учир “Мэргэдийг эс дээдлэх аваас иргэн олон тэмцэлдэхүй нь үгүй. Олохуйяа бэрх ховор эдийг эс эрхэмлэвээс иргэн олон хулгайлахуй нь үгүй. Хүсэх шунах юмыг эс үзүүлбээс, иргэн олон сэтгэл самуурахуй нь үгүй” хэмээжүхүй. Лаозын Даогийн сургаалтны сургаал номлол болон Хятадын Даогийн шашин буюу Бомбын шашин нь хоёр өөр ойлголт ухагдахуун гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Цаг хугацааны хувьд “ЛАОЗ-ДАО ДӨ ЖИН” ном Чүнь Чьюгийн хожуу үеэс (НОТӨ 722-НОТӨ 481) уламжилж ирсэн бол Даогийн шашин нь зүүн Хань улсын хожуу үеэс (НОТ-ын 25-220) бүрэлдэн тогтсон гэж үздэг. Судалгаа, тоо баримтаас үзэхүл,”ЛАОЗ ДАО ДӨ ЖИН” ном эдүгээ дэлхийн 70 гаруй хэлээр орчуулагдсан, хэдэн мянган зүйлийн орчуулга байх агаад англи хэлт ертөнцөд орчуулагдаж түгсэн тоо хэмжээгээрээ “Ариун Библи”, “Бхагавадгита” судрын дараа жагсдаг ажгуу. Тиймийн учир дэлхийн дахинаа эрдэм судлалын хүрээнд “ЛАОЗ-ДАО ДӨ ЖИН” номын орчуулга, судалгааны ажлын цар хүрээ, үр дүнгээр нь тухайн улсын хятад судлалын хөгжлийн хүрсэн түвшнийг хэмждэг нэгэн жишиг буй хэмээнэ.  Орчлон ертөнц дээр “арга билиг” хэмээсэн хоёр их хүчин оршин байх агаад арга, билгийн ёсноос ангид тусгаар оршихуй нь нэгээхэн ч үгүй хэмээмүй.


“Арга билиг” хэмээх энэхүү хоёр хүчин харилцан эсрэгцэж, харилцан шүтэлцэж орших ажгуу. Аргын дотор билиг буй, билгийн дотор арга буй. Билиг үгүй бөгөөс арга үгүй, арга үгүй бөгөөс билиг үгүй. Арга билиг хоёр харилцан бие биенээ агуулж, харилцан хувьсан өөрчлөгдөж байх жамтай ажгуу.


Билгийн хийн үр үгүй аваас аргын хий дангаар оршивч түмэн бодис төлжин эс чадах. Арга, билгийн хий харилцан шүтэлцэж, тэрхүү үйлчлэлийн үрээр сансар ертөнц амьтай орших. Аргын хий өгсөж, билгийн хий уруудах. Аргын хий задалж, билгийн хий хураах. Өгсөхүй-уруудахуй, задлахуй-хураахуй нь сансар ертөнцийн хөдлөнгүй төлөвийг үүтгэх. Аливаа хувьслын эх үндэс нь чухамдаа энэхүү хоёр хийн үрээс үүдэх. Энэ бүхэн бол арга билгийн ёсныг өгүүлэх дорнын гүн ухаан юм. Хятадын гүн ухааны сэтгэлгээний түүх нь Күнзийн сургаал буюу Бичгийн сургаалтны гүн ухааны сэтгэлгээ, Лаозын сургаал буюу Даогийн эш ёсны сургаал хэмээсэн гүн ухааны хоёр том дэг сургууль, сургаал номлолыг эш үндэс болгон үеэс үед уламжлан өдгөө хүртэл түгж дэлгэрч ирсэн түүхтэй ажээ. Күнзийн сургаал нь хүний өдөр тутмын амьдралын философи буюу хүний сайн сайхан, эрхэм дээд ёс суртахууныг голлон номлосон “ХҮН БОЛОХУЙН УХААН”-ы сургаал бол Лаозын сургаал нь хүний орчлонгоос хэтийдэж давсан, чанадын оюун ухааныг голлон номлосон “ОЮУНЫГ ТЭЖЭЭХҮЙН УХААН”-ы сургаал хэмээдэг. Күнзийн сургаал нь дотогшоо хандсан, төвд тэмүүлсэн “янагуух” шинжтэй, Лаозын сургаал нь гадагшаа хандсан, төвөөс зугтаасан “чанагуух” шинжтэй ажгуу. Тиймийн учир арга билгийн ёсны үүднээс Күнзийн сургаалыг арга, Лаозын сургаалыг билиг хэмээн үздэг бөлгөө.



Урианхан М. ЧИМЭДЦЭЕЭ

(МУСГЗ, Доктор (Ph.D), хятад судлаач, орчуулагч)