sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 /Reuters/. Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны зардал өнөөдрийн байдлаар 25 тэрбум ам.долларт хүрээд байгаа тухай Пентагоны өндөр албан тушаалтан лхагва гарагт мэдэгдэж, уг мөргөлдөөний цэргийн зардлын талаарх анхны албан ёсны тооцоог танилцуулжээ. 


Батлан хамгаалах яамны Хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Жюль Хёрст Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны гишүүдэд мэдээлэл өгөхдөө, дээрх зардлын дийлэнх хэсгийг зэвсэг хэрэгсэлд зарцуулсан болохыг дурдсан байна. 


АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрөөс Ираны нутаг дэвсгэрт цохилт өгч эхэлсэн бөгөөд одоогоор талууд гал зогсоох хэлэлцээрийг мөрдөж байгаа боловч нөхцөл байдал маш тогтворгүй байна. Мөргөлдөөний явцад Америкийн 13 цэргийн албан хаагч амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархаджээ. Дайн эхэлснээс хойш газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт тасалдсаны улмаас АНУ-д шатахуун болон бордоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мөн бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. 



Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа шатахууны үнэ огцом өссөн нь Д.Трампын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ.


"Reuters/Ipsos"-оос хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнг үзвэл, америкчуудын 34 хувь нь Ирантай хийж буй дайныг дэмжиж байгаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур 36 хувь, гуравдугаар сарын дундуур 38 хувь байсантай харьцуулахад буурчээ.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг