sonin.mn

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэн яваа гэж итгэнэм. Иймд надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч ээлжит нийтлэлээ босгосныг таалан соёрхоно уу! Одоо Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөхөөр М.Найданхүү маань ажиллах болсон. Шинэ албанд нь амжилт хүсэн ерөөе! Хүсэл мөрөөдөл нь ажил хэрэг болох болтугай!


Монгол сайхан эх орондоо ирээд нэг сар болжээ. Ажил урагштай, урамтай сайхан байна. Утаагүй, түгжрэлгүй бол улсын маань нийслэл Улаанбаатар сайхаан сайхан!


Нэгэн зүйл


Улаанбаатарт маань газрын доорхи орон зайн хөгжил, бүтээн байгуулалт л үнэхээр дутагдаж байна. Цоо шинэ хоосон орон зай ашиглалтгүй байна гэсэн үг шүү дээ. Олон жилийн мөрөөдөл маань ажил хэрэг болоход алхам алхамаар ойртож л байна. Түнээл, ус зайлуулах хоолой, ус хуримтлуулах бүрэн байгууламж цогцолбор бүтээн байгуулбал нийслэл маань түгжрэлгүй, үeр усны аюулгүй болно. Саарал усаа бас хуримтлуулж, ядаж хуурай улиралдаа хэрэглэж чадна. Улаанбаатар маань түгжрэлгүй ганц сардаа үeрт ноёлуулж, бусад саруудад нь түгжрэлд ноёрхуулж байна. Эдгээр гамшгаас гарах бодит гарц газрын доорх бүтээн байгуулалт–Түнээлжүүлэлт юм. Норвегийн нийслэл өвлийн хот Осло хот шиг их бороо, цас ордог хот байхгүй байх. Тэр их ус, цас бүгд доошоо орчихдог. Бүх машин, техник нь мөн газар доогуур түнээлээр давхилддаг. Тэр бол тэргүүний туршлага мөн.


Нэгэн зүйл


Шинэ Монголын хөгжлийн гол гарц бол “Цахилгааны хувьсгал”-ыг хэрэгжүүлэх бодлого юм. Цахилгаан үйлдвэрлэх боломжийн тухай судалгааг сонирхов. Бидэнд бага оврын цахилгаан үйлдвэрлэх боломж асар их буй юм байна. Хэмнэлттэй, холимог гибрид хэлбэрийн цахилгаан үйлдвэрлэх ухаалаг техник, технологи бий болж, амьдралд хэрэгжээд бизнес болж хөгжиж байна. Дэлхийгээрээ тэр зам руу явж байна. Бид яагаад хоцрох ёстой гэж? 


Монгол бол нартай өдрийн тоогоор нарны эрчим хүчийг ашиглах хамгийн боломжтой орон. Жилийн 310 хүртэлх өдөр нь нартай цэлмэг байдаг. “Нарлаг Монгол орон” гэж бид магтан дуулж бахархдаг. Энэ бол өөрөө асар том баялаг юм. Байгалийн өгөгдөл нь Монголыг ийм их баялагтай болгочихсон. Салхины эрчим хүчний нөөц бас байна. Улаанбаатар хотод шинжлэх ухаан, технологийн хөгжлийг бодит утгаар бий болгож байж утаа, угаар, түгжрэлээсээ сална. Манай ниислэлийн гол онцлог нь гэр хорооллууд нь нар мандахаас жаргах хүртэл туссан энгэр ээвэр хотын хойд өндөрлөг хэсэгтээ байрладаг. Гэр хорооллын 200 мянган өрхийн 120 мянга нь байшинд, 80 мянга гаруй нь гэрт амьдардаг гэсэн статистик байна. Нарны эрчим хүчийг хуримтлуулан хоол унд бэлтгэх, халаах зэрэг өрхийн хэрэгцээний 24 цагийн цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэх, хангах бүрэн боломжтой. Санаачилга зориг л дутаж байна.


Кокжсон нүүрс Хятадаас оруулж ирнэ гэж балайрснаас эхний ээлжинд гэр хорооллын өрхүүдийн байшин бүр дээр тог хуримтлуулах дэлгэц, панeлүүдийг байрлуулж, өрх бүрийг цахилгаан үйлдвэрлэгч болгоё! Цэвэр, бохир усны шугам татан өгч, “Хаус хороолол” болгоё! Xотын барилга, байрнуудынхаа дээвэр, наран талын өндөр давхруудын ханыг бас ашиглаж, дэлгэц (панeль) байрлуулж, нараараа цахилгаан үйлдвэрлэгч орон болцгооё! Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бүрэн дүүрэн ашиглаж чадвал бид “Хөмөрсөн хөөтэй тогоо”-ны дороосоо гарч, хөгжил дэвшилд хүрнэ.


Нэгэн зүйл


Хангарьд ордны дээд давхраас улсын нийслэл Улаанбаатар хот дөрвөн зүг, найман зовхист тов тодорхой харагдана. Бүх л гэрлэн дохиотой дөрвөн замын уулзварууд дээр үргэлж машинууд багшралдаж, автобуснууд хүртэл гацсан харагддаг. Ёстой хуруу дарж тоолж байгаад энэхүү түгжрэлийн голомт болсон уулзваруудаа бүтээн байгуулалтаар урсгалыг нь саадгүй болгож, түгжрэлгүй болгож болно.


Нэгэн зүйл


Осло хот манай Сэлбэ (Дунд гол), Туул шиг голоо ингэж тохижуулж шийджээ. Халуун өдөр иргэд голынхоо усанд сэлж сэрүүцнэ. Цэвэр цэмцгэр, тунгалаг ариун, эрүүл саруул орчин бүрдүүлэхэд хотын захиргаа нь ихээхэн анхаарч байдаг. Иргэдийнхээ тав тух, аз жаргалтай амьдралынх нь төлөө хотын захиргаа зогсдог.


Үeртэй усны түвшин нэмэгдсэн үeд хальж ус нь даваад орон сууцнуудаа усанд автуулаад байхааргүйгээр хамгаалсан далан хэлбэрийн суудал шат, наран шарлагын газруудыг байгалийн чулуугаар хийж өгсөн ба иргэд гэрээсээ хэд алхаад наран шарлагын ийм газар оччихно. Манайх бол зуны гурван сард л бороо ордог бол Норвег улсад бараг өдөр болгон бороо хуртай байдаг онцлогтой. Манайд зун нь Осло шиг наран шарлагын газар болгоод өвөл нь иргэд тэшүүрээр гулгаж наадаад байхаар тохижуулж болно шүү дээ. Норвегийн гудамж, зам, талбайн тохижилт, хамгаалалт дан байгалийн чулуугаар хийгдсэн. Чанар дээд зэрэг, хамгаалалт байгалийн хүчрэгдэшгүй зүйл үeрт үл автахаар тооцоолсон байдаг. 


Нэгэн зүйл


Манай Улаанбаатарт модернизацын хөгжлийн бодлого илт дутагдаж байна. Хөдөө, хотгүй бидний хөгжилд модeрнизац шаардлагатай байна. Хүй нэгдлийн сэтгэхүйтэй маш олон хүн байна. Амьдрал, ахуй маань ч хүй нэгдлийн үeдээ л байна. Гар утас, зурагт, приүсийг нь эс тооцвол. Хувь, амиа бодогсод бол үнэндээ Монголын дайснууд юм. Хотоо хорлогчид, санаатай бохир заваан амьдрагсад, гудамж талбайг бохируулагч иргэдийг чанга торгох хэрэгтэй. Иргэдийн үүрэг, хариуцлага өндөр байвал бид дорхноо л хөгжинө. Утаагүй, түгжрэлгүй, ажилгүйдэлгүй нийслэл Улаанбаатар хотынхоо төлөө! Нийслэл хотынхоо Модeрнизацын төлөө!


Yргэлжлэл бий

редактор, судлаач-проф. Д.Баярхүү