sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 17 /China Daily/. Хятадын эрх баригчид сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаагаа төрийн албанд орох насны хязгаарыг шинэчлэн тогтоожээ. 


Тус улсын Төрийн албаны хэрэг эрхлэх газраас 11 дүгээр сарын 30-нд болох төрийн албаны ерөнхий шалгалтын өргөдлийг хүлээн авч эхлэхийн өмнөхөн дээрх шинэ журам гаргасныг мэдэгдсэн байна.


Шинэчилсэн журмын дагуу төрийн албанд ажиллахыг хүсэгчдийн насны дээд хязгаар 35 байсныг 38, магистр, докторын зэрэгтэй горилогчдын насны дээд хязгаарыг 40-өөс 43 болгон нэмэгдүүлсэн байна.


2026 онд төв засаг захиргааны байгууллага болон түүний харьяа агентлагуудад нийт 38 100 төрийн албан хаагчийг шинээр ажилд авах төлөвтэй байна.


Энэ нь өмнөх оныхоос 1 602 хүнээр цөөн бөгөөд 2019 оноос хойш анх удаа төрийн албанд сонгон шалгаруулж буй хүмүүсийн тоог бууруулсан шийдвэр юм. Хэдийгээр насны хязгаарыг өөрчилсөн боловч залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг анхаарсан хэвээр байна. Сүүлийн жилүүдэд их сургуулийн төгсөгчдөд зориулан 26 мянга орчим ажлын байр нөөцлөн үлдээсэн байна. Мөн энэ алхам нь тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогод нийцэж байна гэж "China Daily" сонинд бичжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг