sonin.mn

Экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгын дүнгээр Ерөнхий сайд Метте Фредериксен тэргүүтэй зүүн төвийн үзэл баримтлалтай эрх баригч эвсэл Данийн парламентын ээлжит бус сонгуульд тэргүүлж байна. Санал асуулгын дүнг телевизийн DR суваг, Epinion хүрээлэн танилцуулжээ.


Тус эвсэлд Социал-демократ, Либерал ба Аядуу үзэлтнүүдийн гэсэн гурван улс төрийн багтдаг ажээ. Урьдчилсан дүнгээр, эвслийнхэн нэг танхимт Данийн парламентын 179 суудлаас 83-ыг нь, сөрөг хүчин болох баруун төвийн үзэл баримтлалтай эвсэл 79 суудал авах төлөвтэй байна.


Парламентад үнэмлэхүй олонх болохын тулд 90 суудал авах ёстой. Социалист-демократ намын төлөөлөл болох Метте Фредериксен Данийн засгийн газрыг бараг долоон жилийн турш тэргүүлж байгаа бөгөөд гурав дахь удаагаа ерөнхий сайдаар сонгогдохоор өрсөлдөж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Гренландын талаарх санаархалд няцаалт өгсөн түүний нэр хүнд өссөөр байгаа юм. Фредериксений өрсөлдөгчид бол либерал үзэлтнүүдийн “Венстре” намыг төлөөлж буй Батлан хамгаалахын сайд Трульс Лунд Поулсен, 2001-2009 онд засгийн газрыг тэргүүлж байсан Гадаад харилцааны сайд Ларс Лёкке Расмуссен /Аядуу үзэлтнүүдийн нам/ нар юм.


Энэ удаагийн сонгууль нь Данийн харьяалалд байдаг хагас автономит нутаг дэвсгэр болох Гренландыг Д.Трамп хяналтандаа авахаар оролдож буй түгшүүртэй цаг үед болж байна.


Ройтерс агентлагийн мэдээнд дурдсанаар, Фредериксен олон улсын асуудалд хэт их анхаарал хандуулж байгаагаас олон сонгогч залхсан байгаа ажээ. Сонгуулийн үеэр баялгийн татвар, хүнс ба шатахууны үнэ, цагаачлал зэрэг асуудал илүү ихээр анхаарал татаж байв.




Б.Адъяахүү