ЁКОШҮКА, 2026 оны гуравдугаар сарын 23 /Kyodo/. Японы Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро, ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Борис Писториус нар ням гарагт уулзах үеэрээ хамтарсан сургуулилалтыг тасралтгүй явуулж, илүү үр дүнтэй болгоход чиглэсэн шинэ хэлэлцээр байгуулах зэргээр хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн ач холбогдлыг онцолжээ.
Японы Батлан хамгаалахын сайд К.Шинжиро Токио хотоос холгүй орших өөрийн төрөлх хот болох Ёкошүкад Б.Писториусыг хүлээн авч уулзсан нь хоёр улсын найрсаг харилцааг харууллаа.
Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний баазад болсон уг уулзалтын дараа К.Шинжиро сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Япон, Герман зэрэг үзэл санаа нэгтэй улс орнуудын хувьд нягт уялдаа холбоо өмнөхөөсөө илүү чухал болоод байна” хэмээн онцлов. Б.Писториус хоёр улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нутаг дэвсгэрүүддээ харилцан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хялбар болгох үүднээс “харилцан нэвтрэх тухай хэлэлцээр” байгуулах санал дэвшүүлснээ мэдэгджээ.
Украины дайн үргэлжилж буй энэ үед Япон, Герман хоёр улс аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжүүлж байгаа нь Энэтхэг-Номхон далай болон Европын аюулгүй байдал салшгүй холбоотой гэдгийг бататгаж байна.
Сайд нар мөн Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар, мөн батлан хамгаалахын худалдан авалтын салбарт цаашид хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ. Талууд мөн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай үед яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 03 сарын 23,
2026
Сэтгэгдэл2
Дахиад фашизм милитаризмаа сэргээхнэ үү???
Орчин үеийн хүмүүнлэг энэрэнгүй ухаалаг фашизм, милитаризм л гэе дээ?