sonin.mn

Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед Нидерландын иргэний агаарын тээврийн KLM компани АНЭУ-ын Дубай, Саудын Арабын Эр-Рияд, Даммам хотууд руу хийж буй бүх нислэгээ тавдугаар сарын 17 хүртэл зогсоохоор шийдвэрлэжээ.


"Зорчигчдын болон багийн гишүүдийн аюулгүй байдал бол бидний эн түрүүнд тавьдаг асуудал юм. Энэхүү шийдвэр нь зорчигчдод хүндрэл учруулна гэдгийг бид ойлгож байна.


Иймээс болж буй үйл явдлуудын талаарх мэдээллийг зорчигчдод шуурхай хүргэхийн тулд боломжтой бүхнийг хийх болно" гэж KLM компанийн мэдэгдэлд дурдсан байна. Мөн цуцлагдсан нислэгүүдийн талаар зорчигч бүрд мэдээллийг хүргүүлэхийн зэрэгцээ нислэгийн тов ба чиглэлийг өөрчлөх эсвэл тасалбараа буцаан авах талаар зөвлөмж өгөх ажээ.


Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас онгоцны шатахууны үнэ огцом өсөж, дэлхийн агаарын тээврийн компаниуд тасалбарынхаа үнийг нэмэгдүүлж, нислэгүүдээ цөөлж байгаагийн зэрэгцээ нислэгийн хуваарьтаа өөрчлөлт оруулсаар байна. 


Иранд цохилт өгч эхэлсэн өдрөөс хойш онгоцны шатахууны үнэ Европт 2 дахин, Ази тивд 80 орчим хувиар өсжээ. Шатахуун нь агаарын тээврийн компанийн үйл ажиллагааны зардлын 25 хувийг эзэлдэг бөгөөд цалин хөлсний дараа ордог томоохон зардал юм. 



Б.Адъяахүү