sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 19 /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирлын албан тушаалыг хашиж байсан Жо Кент огцорчээ. Тэрбээр Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагааг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр Д.Трампт хандан огцорч байгаагаа олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ. 


Кент бичихдээ “Би өөрийн ёс зүйн үүднээс Иранд үргэлжилж буй дайныг дэмжиж чадахгүй. Иранаас манай улсад шууд аюул учруулаагүй, харин бид энэ дайныг Израил болон түүний АНУ дахь нөлөө бүхий лоббигийн шахалтад орж эхлүүлсэн нь илт байна” гэжээ.


Жо Кент Ираны эсрэг ажиллагааны улмаас огцорсон Д.Трампын засаг захиргааны анхны өндөр албан тушаалтан болсон тухай Америкийн хэвлэлүүд бичсэн байна. Жо Кентийг Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирлаар өнгөрсөн онд томилсон байна. Тус төв бол терроризмын талаарх тагнуулын мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх үүргийг гүйцэтгэдэг байгууллага юм.


Д.Трамп мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Кентийг "сайн залуу" гэж үздэг боловч "аюулгүй байдлын асуудлаар мэдлэг муутай" гэжээ. “Тэр Иранаас ямар ч аюул занал учрахгүй гэж үзэж байгаа учир огцорсон нь сайн хэрэг боллоо” гэж тэрбээр хэлжээ.


2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп гадаадад болж буй мөргөлдөөнд Америкийн цэргүүдийг оролцуулахгүй байх амлалт өгснөөр Бүгд найрамдах нам дахь дэмжигчдээ татаж байв. Терроризмтой тэмцэх төвийн захирал огцорсныг “Бүгд Найрамдах нам дотор хагарал гарч байгаагийн шинж тэмдэг” гэж “The New York Times” сонинд дүгнэн бичсэн байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг