sonin.mn

ЭР-РИЯД, 2026 оны гуравдугаар сарын 19 /DW/. Иранаас Персийн булангийн орнууд нисгэгчгүй онгоцууд, баллистик пуужингуудаар дахин довтолсон тухай цохилтод өртсөн орнууд лхагва гарагт мэдэгджээ. Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод амдан сөнөөсөн пуужингуудын хэлтэрхий орон сууцны дүүрэгт унасны улмаас дөрвөн хүн гэмтэж шархадсан гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Пуужингийн хэлтэрхий мөн Эр-Рияд хотоос урагш орших нефть боловсруулах үйлдвэрийн ойролцоо унажээ. Түүнчлэн Саудын Арабын зүүн хэсэгт орших хийн үйлдвэрийн ойролцоо нэг дроныг устгасан гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна. 


Катарын эрх баригчдын мэдээлснээр, Рас-Лаффан аж үйлдвэрийн бүсэд орших тус улсын нефть, хийн үйлдвэрийн гол цогцолборуудын нэг цохилтод өртөж, гал гарсан ч хяналтад авчээ.


Рас-Лаффан дахь үйлдвэрт “ихээхэн хохирол” учирсан боловч ажилтнуудаас гэмтэж шархдаагүй гэж төрийн өмчит нефть, хийн “QatarEnergy” компани мэдэгдсэн байна. Катарын Гадаад хэргийн яам уг үйл явдлыг “Ираны балмад халдлага”, “үндэсний аюулгүй байдалд шууд учирч буй аюул” гэж тодорхойлжээ. АНЭУ-д мөн Иранаас нисгэсэн дрон болон пуужингуудыг амдан сөнөөхийн тулд агаарын довтолгооноос хамгаалах системийг ажиллуулсан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Үүнээс хэдэн цагийн өмнө АНУ-тай хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Израил улс дэлхийд хамгийн томд тооцогддог хийн орд болох “Өмнөд Парс”-т цохилт өгчээ. Энэхүү ордыг Иран Катар улстай хамтран ашигладаг байна. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан уг ордод цохилт өгсөн нь “хяналтаас гарсан үр дагаварт” хүргэнэ гэж анхааруулжээ. Уг ордоос Ираны дотоодын хийн хэрэгцээний 70 орчим хувийг хангадаг байна.


Үүний зэрэгцээ Катар улс Ираны цэргийн атташе болон аюулгүй байдлын асуудал хариуцсан атташег “үл таашаагдах этгээдээр” /persona non grata/ зарлажээ. Тэд 24 цагийн дотор манай улсыг орхин явах ёстой гэж Катарын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Иранаас удаа дараа цохилт өгсөн учир ийм шийдвэр гаргажээ. 


АНУ, Израил хамтран хоёрдугаар сарын 28-нд Иранд агаараас цохилт өгсөн. Үүний дараа Иранаас Персийн булангийн бүс нутаг дахь хөрш орнууд руугаа пуужин, дрон ашиглан довтолж эхэлжээ. Ираны эрх баригчид мэдэгдэхдээ, бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилон довтолсон гэсэн байна. Ираны цохилтод мөн Персийн булангийн хэд хэдэн улсын нефть хадгалах байгууламжууд, нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд өртсөн байна. Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Азербайжан болон Европын Холбоонд багтдаг Кипр мөн Ираны довтолгоонд мөн өртжээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг