ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 18 /Reuters/. Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаанаас үүдэн онгоцны түлшний үнэ огцом өсөж байгаагийн улмаас хэдэн зуун сая ам.долларын нэмэлт зардал гарч, тийзийн үнэ нэмэгдэхээс гадна зарим чиглэлийн нислэгийг цуцлахаас өөр аргагүйд хүрч байгаагаа агаарын тээврийн томоохон компаниуд мэдэгджээ.
"Delta Air Lines" (DAL.N) компанийн гүйцэтгэх захирал Эд Бастиан хэлэхдээ, түлшний үнийн огцом өсөлтөөс шалтгаалж зөвхөн гуравдугаар сард тус компанийн зардал 400 сая ам.доллароор нэмэгдсэн гэлээ.
Агаарын тээврийн салбарынхан өсөн нэмэгдэж буй зардлаа тийзийн үнийг нэмэх замаар нөхөх арга хэмжээг шуурхай авч байна гэж тэрбээр "J.P. Morgan"-ы салбарын бага хурлын үеэр хэлсэн байна. "American Airlines" (AAL.O) мөн түлшний зардлын улмаас эхний улирлын зардал нь 400 сая ам.доллароор өсөх төлөвтэй байгааг мэдээлжээ. Скандинавын агаарын тээврийн хамгийн том компани болох SAS AB хамгийн түрүүнд арга хэмжээ авч, түлшний үнийн "огцом, гэнэтийн өсөлт"-ийн улмаас цөөн тооны нислэгээг цуцлахаар шийдвэрлэснээ мэдэгджээ. "Европын агаарын тээврийн систем бүхэлдээ түлшний үнийн гэнэтийн цохилтын дарамтыг мэдэрч байна" гэж тус компани мэдэгдсэн байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 03 сарын 18,
2026
Сэтгэгдэл0