sonin.mn

ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 18 /DW/. Ойрх Дорнодын орнуудад одоогоор Украины 201 цэргийн шинжээчийг илгээгээд байгаа бөгөөд дахин 34 шинжээчийг “байрлуулахад бэлэн” байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт Их Британийн парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, Оросын цэргүүд Украин руу довтлохдоо ашиглаж байгаа “Shahed” нисгэгчгүй онгоцуудаас хэрхэн хамгаалахыг мэддэг цэргийн мэргэжилтнүүдийг тус бүс нутаг руу илгээжээ.  


“Манай мэргэжилтнүүдийн багууд АНЭУ, Катар, Саудын Арабад хэдийнээ очсон бөгөөд Кувейт руу мөн очиж байна. Бусад улстай бид мөн хамтран ажиллаж байна. Ираны террорист ажиллагаа хөрш орнуудад нь үргэлжлэхийг бид хүсэхгүй байна” гэж В.Зеленский хэлжээ. Тэрбээр мөн шинжээчдийг илгээх шийдвэрийг АНУ зэрэг Украины түнш орнуудаас тавьсан хүсэлтийн дагуу  гаргасан гэдгийг дурдсан байна.


В.Зеленский мөн холбоотон орнууддаа хандан Ойрх Дорнод дахь дайны нөхцөл байдлын үед Украин улсыг мартахгүй байхыг уриалаад, Орос, Ираны хамтын ажиллагаанаас аюул учирч болзошгүйг анхааруулжээ. 


Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгдэхдээ, Иранд болж буй үйл явдал Украин дахь дайнаас анхаарлыг нь сарниулахгүй гэдгийг амласан байна. К.Стармер, В.Зеленский нар Лондонд хэлэлцээ хийснийхээ дараа аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай тунхаг бичигт гарын үсэг зуржээ. Тунхаг бичигт дурдсанаар, хоёр улс батлан хамгаалах аж үйлдвэр, технологийн экосистемийг хөгжүүлэхэд хамтран ажиллах аж.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг