ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 17 /Anadolu/. Түүхий газрын тос тээвэрлэсэн “Ираны бус” анхны хөлөг онгоц Ормузын хоолойгоор дамжин өнгөрчээ. АНУ, Израил хамтран Иранд цохилт өгсний хариуд Ираны тал Ормузын хоолойг бүхэлд нь хаагаад байгаа бөгөөд тус хоолойгоор дээрх хоёр улстай холбоотой хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхгүй байгаагаас шалтгаалан хөдөлгөөн бараг зогссон байна.
Хоёрдугаар сарын 28-наас хойш Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудын ихэнх нь Ираны далбаатай байжээ.
Хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хянадаг “MarineTraffic” платформын мэдээллээр, Ойрх Дорнодод хурцадмал байдал эхэлсэн гурав дахь долоо хоногт Абу-Дабигаас “Das” түүхий нефть тээвэрлэж яваа “Aframax” ангиллын газрын тос тээвэрлэгч “Karachi” хөлөг онгоц Ормузын хоолойгоор өнгөрсөн нь Ираны бус анхны хөлөг онгоц байв. Уг хөлөг онгоц автоматаар таних системээ (AIS) идэвхжүүлсэн байжээ.
237 м урт энэхүү танкер гуравдугаар сарын 15-ны өдөр Туркийн цагаар 14:33 цагт Ираны эдийн засгийн онцгой бүс рүү нэвтэрч 17:43 цагийн орчимд Ормузын хоолойгоор дамжин өнгөрчээ. AIS системээ асаасан, Пакистаны далбаатай уг танкер одоо Оманы булангаар дамжин өнгөрч байна.
“MarineTraffic”-ийн мэдээллээр, уг хөлөг онгоц Ормузын хоолойгоор дамжин өнгөрсөн нь зарим ачаанд аюулгүй нэвтрэх зөвшөөрөл олгосон болохыг харуулж байна. Дэлхийн газрын тосны хэрэглээний 20 хувь нь (өдөрт 20 орчим сая торх) дамжин өнгөрдөг стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойг Ислaмын хувьсгалыг хамгаалагчдын корпус хааснаас хойш хөдөлгөөн үндсэндээ зогсжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 03 сарын 17,
2026
Сэтгэгдэл0