Жил бүр болдог Хятадын “хоёр чуулган” дэлхийн анхаарлыг татсаар байна. Гуравдугаар сарын 5-нд хэлэлцүүлэгт өргөн барьсан 2026 оны Засгийн газрын ажлын тайлан энэ жилийн гол зорилтыг тодорхойлж, ирэх таван жилийн хөгжлийн чиглэлийг төлөвлөжээ. Тайланд “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 4.5–5 хувь байхаар зорилт тавьж, илүү сайн үр дүнд хүрэхийн төлөө ажиллана гэж онцолсон байна.
Шинжээчид энэ зорилт нь 2035 оны алсын хөгжлийн зорилготой уялдаж, тогтвортой байдлыг хадгалан ахиц эрэлхийлэх бодлогыг илэрхийлж байгааг тэмдэглэжээ. Мөн гол эдийн засагтай орнуудын дунд өсөлтийн түвшин харьцангуй өндөр хэвээр байгааг харуулж, хөгжлийн чиглэл “тоо хэмжээг нэгдүгээрт тавих”-аас “чанарыг нэгдүгээрт тавих” зарчимд шилжиж буйг тусгасан гэж үзэж байна.
Тайланд дотоодын хүчирхэг зах зээлийг бий болгохыг нэн тэргүүний зорилт болгожээ. Үүний хүрээнд хот, хөдөөгийн оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, барааны хэрэглээг өргөжүүлж, шинэчлэх, үйлчилгээний хэрэглээг сайжруулан иргэдэд хүртээмжтэй болгох, “Хятадад худалдан авцгаая” зэрэг санаачилгыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь хэрэглээний нөөц боломжийг бүрэн ашиглаж, Хятадын асар том зах зээлийг дэлхийн улс орнуудтай хуваалцах орон зайг улам тэлнэ гэж үзэж байна.
Инновацийн салбарт тайланд шинэ өсөлтийн хөдөлгүүрийг хурдтай хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан чадамжийг нэмэгдүүлэх, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг өргөн хүрээнд ашиглан үйлдвэрлэлийн шинэчлэлийг дэмжих зорилт дэвшүүлжээ. Гадаадын хэвлэлүүдийн үзэж байгаагаар, эдгээр бодлого нь зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ.
Нээлттэй бодлогын хүрээнд тайланд үйлчилгээний салбарын зах зээлийн нэвтрэх боломжийг өргөжүүлэх, хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад худалдааны хэмжээг тогтвортой хадгалж, бүтцийг сайжруулах, “Бүс ба Зам” санаачилгыг өндөр чанартай хамтран хэрэгжүүлэхийг онцолжээ. Мөн нэмүү өртөг бүхий харилцаа холбоо, биотехнологи, гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг зэрэг салбарт туршилтын нээлттэй бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хамгаалалтын бодлого хүчээ авч буй өнөөгийн нөхцөлд Хятад улс өндөр түвшний нээлттэй бодлогоор хамтын ашигтай хөгжлийг тэлж, дэлхийд илүү тогтвортой байдал болон шинэ боломжуудыг санал болгож байна гэж олон улсын хэвлэлүүд дүгнэжээ.
Даваа - 03 сарын 09,
2026
Сэтгэгдэл0