2026 оны гуравдугаар сарын 4-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Саудын Арабын Гадаад харилцааны сайд Фейсал бин Фархан Аль Сауд нар утсаар ярилцлаа.
Фейсал Ойрх Дорнодын бүс нутгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, Саудын Араб бүс нутгийг дайны галд автахыг хүсэхгүй байна. Гэвч мөргөлдөөн үргэлжилж, цаашид өргөжих хандлага ажиглагдаж байгаа нь санаа зовоож байна. Саудын тал тэвчээртэй байр суурь баримталж байгаа боловч өөрийгөө хамгаалах эрхээ хадгалж байгаа бөгөөд хямрал даамжрах аюулаас гарч, байдал намжихыг хүсэж байна. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд Хятад улс анхаарал хандуулж, идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг Саудын тал өндрөөр үнэлж, хоёр тал харилцаа холбоо, уялдаа зохицуулалтыг бэхжүүлэн, энх тайвныг дэмжиж, дайныг зогсоох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Ван И хэлэхдээ, Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн өргөжин тэлж, Саудын Араб зэрэг Персийн булангийн орнуудад нөлөөлж байгаа нь Хятадын талын хүсэх зүйл биш. Ямар ч шалтгаанаар ялгаваргүйгээр хүч хэрэглэх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энгийн иргэд болон цэргийн бус объектод халдсан аливаа үйлдлийг буруушаах ёстой гэжээ.
Мөн Саудын тал тэвчээртэй байр суурь баримталж, санал зөрөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж буйг Хятадын тал сайшааж байгааг илэрхийлэв. Бүс нутгийн орнуудын хоорондын эвлэрэл, ойлголцол нь маш үнэ цэнэтэй бөгөөд цаашид хадгалж, ахиулах ёстой. Хятад улс үргэлж энх тайвныг дэмжигч хүч байсаар ирсэн бөгөөд цаашид ч бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн. Энэ хүрээнд Хятад улс Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элчийг бүс нутгийн орнуудад илгээж, зуучлан ажиллуулах болно гэж Ван И хэллээ.
Тэрбээр мөн цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, аль болох хурдан яриа хэлэлцээний замд буцаж орохыг холбогдох талуудад уриалж, хурцадмал байдал цаашид даамжрахаас сэргийлэхийг онцлон тэмдэглэв.
Г.Бямба
Баасан - 03 сарын 06,
2026
Сэтгэгдэл0