XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн цагаан сарын баярын шинийн найман, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол Парис дахь ЭСЯ-нд боллоо.
Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, байгаль хамгаалах, олон талт хамтын ажиллагааны салбарыг дэмжиж, Монгол–Францын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн "Найрамдал" медалиар:
- ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Одри Азулей
- Францын "Тахь" ТББ-ын ажилтан Камий Фавиэр, Себастиан Картон де Граммон, Флориан Друар нарыг шагнасныг гардууллаа.
Мөн Франц улсад үндэсний урлаг, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй соёлын тэргүүний ажилтан, хөгжимчин Б.Базаррагчаа, ЭСЯ-ны Аж ахуйн эрхлэгч, жолооч Ц.Оймандах нарыг "Алтан гадас" одонгоор, Франц дахь Монгол шагайн харвааны салбар холбооны тэргүүн А.Баярхүүг Хөдөлмөрийн хүндэт медалиар,
Засгийн газрын шагнал "Соёлын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэгээр "Уруулын будаг" хамтлагийн дуучин С.Ганчимэг, морин хуурч Д.Мандахжаргал нарыг шагналаа.
Шагналыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү гардуулав. Шагнал гардуулах үеэр Элчин сайд дипломат харилцааны 60 жилийн түүхэн ойг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлснийг онцлоод Монгол-Францын найрамдалт харилцаа, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэв.
Ялангуяа ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаар 8 жил ажилласан хатагтай Одри Азулейд хандан ажиллах хугацаандаа Монгол Улсын байгаль, соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинд сурталчлах, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэснийг талархан тэмдэглэв.
Байгаль хамгааллын чиглэлээр тахийг монгол эх нутагт нь сэргээн нутагшуулах, Монгол-Францын байгаль хамгааллын гүүр болсон "Тахь" төрийн бус байгууллагын эрдэмтэн, мэргэжилтнүүдэд гүн талархлаа илэрхийлэв.
Түүнчлэн өнгөрсөн 2025 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ зун Монгол Улс Үндэсний их баяр наадмын үеэр анх удаа олон улсын хэмжээнд тэмдэглэх болсон талаар онцоллоо.
Энэ завшаанаар Монгол орныг дэмжиж, бодит хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүс, франц анд нөхдөө Монгол улсад саатан морилохыг урив. Шагнал хүртэгч эрхэм хүндэт Та нартаа ЭСЯ-ны хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье!
Дэмжин ажилласан төрийн байгууллагуудад, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд АПУ ХК, ГолдэнГовь, Хушхан брэнд, Машсайн ресторан, Yourte.com, иргэд оюутнуудын төлөөлөлдөө гүн талархал илэрхийлье!
Сар шинийн баярыг тэмдэглэхдээ ЭСЯ эх оронч худалдан авалтыг дэмжин ажиллахыг зорьсондоо таатай байна.
Пүрэв - 02 сарын 26,
2026
Сэтгэгдэл0