sonin.mn

СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн хугацаанд улс орныхоо эдийн засгийг бэхжүүлж, чанарын шинэ түвшинд гаргахаа мэдэгдсэнийг тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг өнөөдөр буюу мягмар гарагт уламжлав.


Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын есдүгээр их хурал өнгөрсөн долоо хоногоос эхлэн хуралдаж байгаа бөгөөд уг хурлаар ирэх таван жилийн бодлогын гол зорилтуудыг тодорхойлж байгаа юм.


Өчигдөр буюу даваа гарагт үргэлжилсэн тус хурлын үеэр төлөөлөгчид цэргийн армийн чадал, гадаад бодлого, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарын ирэх таван жилийн төлөвлөгөө, зорилтуудыг хэлэлцжээ. Ким Жөн Ун өчигдөр хэлсэн үгэндээ ирэх таван жилийг "бүрэн хэмжээний ахиц дэвшил гаргах үе шат" хэмээн тодорхойлоод, шинэ төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үзэл суртал, техник технологи болон соёлын салбарт хувьсгал хийхийг уриалсан байна.


Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ким Жөн Уныг эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэж, цахилгаан илгээжээ.


Энэ удаагийн их хурлаар удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон албан тушаал ахиж, намын хэлтсийн даргаар томилогджээ. Тэрбээр өмнө нь тус хэлтсийн орлогч даргын албыг хашиж байсан юм.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг